Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 градус, Увс нуурын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19, 20-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 21-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Сэлбэ дулааны дэд станц”-ын хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 11:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11:54 цагт ангийн байрлалаас гарч, 4.5 км замыг туулан 12:03 цагт очиход 2х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

 ААН, байгууллагын өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Авто тээврийн төв”-ийн хашаанд хийн баллоноос гал гарч байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 06:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчид 06:28 цагт ангийн байрлалаас гарч, 1.5 км замыг туулан 06:30 цагт очиход “Баялаг-Онон” ХХК-ийн зоогийн газрын гадна талд байрлуулсан 15 литрийн багтаамжтай 2 ширхэг хийн баллон, 3х3 метрийн хэмжээтэй гадна ханын хэсэг шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 13:01 цагт ангийн байрлалаас гарч, 5 км замыг туулан 13:11 цагт очиход иргэн Д-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэгт нам даралтын зуух дэлбэрч эд зүйлс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн М /29 настай, эрэгтэй/ нам даралтын зуух дэлбэрсэний улмаас тархинд цус хурсан гэмтэлтэйгээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 13:47 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 13:48 цагт ангийн байрлалаас гарч 3.5 км замыг туулан 13:57 цагт очиход иргэн Ж-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Цагаан байр”-нд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 15:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 15:55 цагт ангийн байрлалаас гарч 3 км замыг туулан 16:02 цагт очиход нийтийн байрны иргэн Л-ын 3.5х4 метрийн хэмжээтэй 1 өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Наранбулаг сумын Улаан үзүүр багийн “Энгэлтэй бандгар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 136 км, сумын төвөөс баруун урд зүгт 46 км/-т Өвөлжөө шатсан тухай мэдээллийг 12.17-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус сумын 16 хүн, 3 автомашинтай малчин Ч-ийн 10х15 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 20:01 цагт ангийн байрлалаас гарч 13 км замыг туулан 20:18 цагт очиход иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 01:32 цагт ангийн байрлалаас гарч, 5 км замыг туулан 01:40 цагт очиход иргэн Б-ийн 7х7 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн 3х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг “124-ийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 198 км, сумын төвөөс баруун урд  зүгт 29 км /-т айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 01:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 01:24 цагт ангийн байрлалаас гарч, 29 км замыг туулан 01:58 цагт очиход иргэн Б-ын 3х5 метрийн хэмжээтэй малын хашаа, бууц шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцэс 1 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 02:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 02:08 цагт очиход иргэн Б-ийн 7х8 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 48 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 05:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 05:24 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, “Тоёота Королла” загварын автомашин тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг “Цайдам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 56 км/-тШуурганд уруудсан 300 гаруй бог мал “Цайдам” нуурын эрэг дагуух шаварт орж шигдсэн тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сүмбэр сумын мэргэжлийн ангийнхан 14:20 цагт ангийн байрлалаас гарч 56 км замыг туулан 16:30 цагт очиж малчин Б-ын 200 бог мал Цайдам нуурын эрэг дагуу шаварт шигдэн гарч чадахгүй болсон байсныг 2 цаг ажиллаж гаргасан. /100 гаруй бог мал хорогдсон/

Бусад төрлийн осол /аюул/: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн, Зээлийн 3 дугаар гудамжинд 3 настай хүүхэд угаалгын машинд гацсан тухай дуудлагыг 12.17-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 12:31 цагт ангийн байрлалаас гарч, 5 км замыг туулан 12:37 цагт очиход иргэн А /3 настай, эрэгтэй/ хагас автомат угаалгын машины сэгсрэгчинд бүтэн биеэрээ орж гацсан байсныг 16 минут ажиллаж эсэн мэнд гарган иргэн Г-т хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top