Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 22, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 23-наас хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Мод Трейд” ХХК-ийн агуулахад утаа гараад байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 16:12 цагт ангийн байрлалаас гарч, 3 км замыг туулан 16:22 цагт очиход 7х25 метрийн хэмжээтэй агуулах дотор хог шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант өртөөний “Ухны-Ам”-нд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 03:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 48 км замыг туулан 04:29 цагт очиход “Төгс ургац ХХК”-ийн 10х30 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 08:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 08:55 цагт ангийн байрлалаас гарч, 2.5 км замыг туулан 09:00 цагт очиход иргэн М-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 09:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 10:00 цагт ангийн байрлалаас гарч, 2 км замыг туулан иргэн В-ийн 16х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 48 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 11:42 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Зүүннарангийн 13 дугаар хамбын 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан 12:16 цагт очиход иргэн Д-ийн 6 ханатай гэр, эд хогшлын хамт шатсан байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 14 дүгээр гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 16:07 цагт очиход иргэн Ч-ийн 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант багийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 18:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 18:07 цагт ангийн байрлалаас гарч, 3 км замыг туулан М-ийн 5×8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамжинд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 18:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:11 цагт очиход иргэн Б-ын 15х50 метрийн хэмжээтэй нийтийн байрны 4х6 метрийн хэмжээтэй өрөөнд гал тогооны эд зүйлс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Хужирт булан” гэдэг газар /аймгийн хойд зүгт 297 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/-т Иргэн Г/37 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 12.19-ний өдрийн 12:00 цагийн үед гэрээсээ усанд явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.20-ны өдрийн 10:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 12.20-ны өдрийн 297 км замыг туулан 22:47 цагт Цэцэрлэг сум Чулуут багийн Хужирт булан гэдэг газар очсон. 12.21-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ. Орон нутгийн иргэд “Идэр”-ийн гол орчмоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг “Эмгэн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км, сумын төвөөс урд зүгт 20 км/-т Иргэн О /50 настай, эмэгтэй/ 12.08-ны өдрөөс хойш сураггүй болсон тухай мэдээллийг 12.20-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 145 км замыг туулан 14:10 цагт очиж, Баянмод баг  “Эмгэн толгой” гэдэг газраас баруун урд зүгт 3 км-т нисгэгчгүй нисдэг аппарат /дрон/-аар, Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд “Эмгэн толгой” гэдэг газраас баруун зүгт 4 км-т “Шивэртийн хөндий” гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:00 цагт түр зогсоосон. 12.21-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлнэ.

Цас шаварт суусан: Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн ‘’Цавдан’’ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 220 км, Завхан аймгийн Тэс сумын төвөөс баруун урд зүгт 50 км/-т Автомашин шаварт суусан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 01:01 цагт хүлээн авсан. Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, Тэс сумын эмнэлгийн мэргэжилтнүүд Завхан аймгийн төвөөс Тэс сумын чиглэлд зорчин явсан иргэн Ч-ын эзэмшлийн “Фургон” загварын автомашин тэнхлэгээрээ цас шаварт тулсан татан гаргах боломжгүй болсон тул автомашиныг орхиж жолооч Ч /45 настай, эрэгтэй/, зорчигч Ц /50 настай, эмэгтэй/ нарыг авч мөн өдрийн 05:04 цагт ангийн байрлал руу хөдөлгөөн үйлдсэн.

Бусад төрлийн осол /аюул/: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Босгын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 304 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км/-т “Босгын даваа”-ны голын мөс цөмөрч автомашин суусан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 110 км замыг туулан “Тоёота Секюуай” загварын суудлын автомашинтай 5 иргэн Улаанбаатар хотоос “Бурхан Халдун” уул руу явах замдаа Босгын давааны голын мөс цөмөрч автомашины мотор хэсгээрээ далд орсон байдалтай байсныг 1 иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Мөнгөнморьт сумын төвд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Автомашиныг “Уулс Заамар” ХХК-ийн ажилтнууд татан гаргасан. /Жолооч, зорчигчид өөрсдөө автомашинаасаа гарсан.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Шолын-Ам” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/-т Иргэн Ц-ийн 200 үхэр “Эг”-ийн голын усанд боогдсон тухай дуудлагыг 12.20-ны 10:40 цагт хүлээн авсан. Иргэн Ц-ийн 200 үхэр “Эг”-ийн голын усанд боогдсон тухай дуудлагыг 12.20-ны 10:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 135 км замыг туулан 14:17 цагт очиж 65 үхрийг гаргаж мөн өдрийн 20:03 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул түр зогсоосон. Орон нутгийн 12 иргэн, 6 мотоциклтой ажилласан. 12.21-ний өдрийн 07:00 цагаас аврах ажиллагааг дахин эхлүүлнэ. /20 үхэр хорогдсон./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top