Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Tөвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с. Өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зарим газраар, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагараваас Саппоро явах замд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 17:39 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 17:40 цагт ангиас гарч 5 км замыг туулан 17:50 цагт очиход “Эрдэнэс Транс” ХХК-ийн “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн Хюундэй загварын автобусны доод эд анги шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 5 шарын автобусны буудал цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 08:21 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 08:24 цагт очиход иргэн Б-ийн 8х4 метрийн хэмжээтэй цайны газарт цахилгаан хувиарлах самбар, халуун тогоо шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:48 цагт очиход иргэн Б-ийн 11х8 метрийн хэмжээтэй байшинд эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн “Баян Цамбагарав” дэлгүүр барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ны өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 14:37 цагт ангийн байрлалаас гарч, 1км замыг туулан 14:38 цагт очиход тус дэлгүүрийн дэргэдэх ургаа мод, агаарын шугам тус тус шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:02 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:15 цагт очиход иргэн Х-ын 8х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 58 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:52 цагт очиход иргэн С-ын 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын /2 дугаар/ баг Борхойн гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 01:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 01:40 цагт очиход иргэн А-ын 3×5 метрийн хэмжээтэй граж, “Тоёота Пилдер” загварын автомашин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Өндрөөс унах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Орчлон хороолол 42 байр орон сууцны 11 давхарын тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 22:21 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 22:45 цагт очиход иргэн Б/23 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 11 давхарын тагтнаас дүүжлэгдсэн байсныг тус байрны хойд талд аврах тавцан дэлгэж, ярилцлага хийн ажиллахад 22:50 цагт үсэрч аврах тавцан дээр унасныг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын их эмчид 23:03 цагт эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Хужирт булан” гэдэг газар /аймгийн хойд зүгт 297 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/-т Иргэн Г /37 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 12.19-ний өдрийн 12:00 цагийн үед гэрээсээ усанд явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.20-ны өдрийн 10:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн байгууллагаас алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Идэрийн голд  цооног гарган 3 удаагийн шумбалт хийж 15:45 цагт 1,5 метрийн гүнээс Г /37 настай, эмэгтэй/-ын цогцосыг гаргаж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгчид шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг “Эмгэн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км, сумын төвөөс урд зүгт 20 км/-т Иргэн О /50 настай, эмэгтэй/ 12.08-ны өдрөөс хойш сураггүй болсон тухай мэдээллийг 12.20-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Баянгол багийн  “Бөртэ толгой”, гэдэг гаазраас  “Цагаан хөтөлийн-Адаг” гэдэг газар  хүртэл нийт 16.3 км зайд явганаар, “Өлийн даваа”, “Цагаан хөтөл”, “Бэрх уулын-Энгэр”-ээр нисгэгчгүй нисдэг төхөөрөмж /дрон/-өөр 10 км-т  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 17:00 цагт түр зогсоосон.12.22-ны өдрийн 07:30 цагт эхлүүлнэ.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Эрдэнэмандал” 2 дугаар багийн “Далай ээж” дэлгүүр Хүрээмарал сумын харьяат иргэн Д /23 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 12.21-ний 16:00 цагийн үед автомашинаас буугаад сураггүй алга болсон тухай дуудлагыг 12.22-ны  00:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Д /23 настай, эмэгтэй/-г Есөнбулаг сумын 9 дүгээр багийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн гаднаас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Шолын-Ам” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/-т Иргэн Ц-ийн 200 үхэр “Эг”-ийн голын усанд боогдсон тухай дуудлагыг 12.20-ны 10:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд 08:30 цагт аврах ажиллагааг эхлүүлж, 13:24 цагт 64 толгой үхрийг хуурай газарт шилжүүлэн, иргэн Х-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top