Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 1-р сарын 1, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Хэнтэйн уулсаар, 3-нд Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн тойрогт автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 14:01 цагт ангийн байрлалаас гарч 5 км замыг туулан 14:07 цагт очиход “Эмсит” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай” загварын “Гачуурт-Жуков” чиглэлийн 36 дугаартай зорчигч тээврийн автобусны арын моторын хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжинд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 06:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 06:55 цагт ангийн байрлалаас гарч 7 км замыг туулан 07:04 цагт очиход иргэн Д-ийн 3х6 метрийн хэмжээтэй цайны газрын хаалга, хана шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Айраг багийн Айраг 11 дүгээр гудамжинд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 10:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 10:07 цагт ангийн байрлалаас гарч 2 км замыг туулан 10:09 цагт очиж иргэн О-ийн эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраан аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн Булагтай 1 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 16:31 цагт ангийн байрлалаас гарч 1.2 км замыг туулан 16:33 цагт очиход иргэн Д-ийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 44 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Худалдааны гудамжинд “Мөнх-Өвгөд” барилгын материалын дэлгүүрийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 19:03 цагт ангийн байрлалаас гарч 1.5 км замыг туулан 19:07 цагт очиход иргэн Н-ийн 15х20 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн “Сант” хорооллын 4 дүгээр гудамжинд /сумын төвд/ байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 02:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн алба хаагчид 02:46 цагт ангийн байрлалаас гарч 2 км замыг туулан 02:50 цагт очиход иргэн М-ын 6х11 метрийн хэмжээтэй байшин тааз хэсгээрээ шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top