1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс 5-10 м/с, бусад нутгаар баруунаас 8-13 м/с. Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 10-12 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 5-нд Монгол-Алтайн уулсаар, 6-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 8-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 7, 8-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 13:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 38 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 13:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан иргэн Г-ын 2х1 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Зүлэгт багийн 39 дүгээр гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 17:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан иргэн Ц-ийн “Хово” загварын өөрөө өргөгч автомашин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан иргэн У-ын 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Айргийн-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 14 км-т/ 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 2022.01.03-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 46 км зам туулан иргэн Э-ын Субару-форестер загварын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 6 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн Приус-20 загварын автомашинтай мөргөлдөж Субару-форестер загварын автомашинд зорчиж явсан нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Г /46 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Өндрөөс унах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны 89 дүгээр байр /Мишээл экспо худалдааны төвийн зүүн талд/ 12 давхар орон сууцны барилгын дээврээс согтууруулах ундаа хэрэглэсэн 2 хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 20:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.6 км зам туулан М /56 настай, эмэгтэй/, Б /54 настай, эмэгтэй/ нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дээврээс унах гэж байсныг эсэн мэнд буулгаж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Цас шаварт суусан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Түргэний-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ Суудлын автомашин “Түргэн” горхиний мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 ангийн алба хаагчид 18 км зам туулан 17:42 цагт очиход Тосонцэнгэл сумын төвөөс Улаантолгой багийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-ийн “Приус-20 загварын суудлын автомашин усанд суусан байсныг 18:47 цагт автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР