Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

  Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газар, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 9-нд тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 11-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 15 дугаар хорооны “Задгай”-д барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 15:57 цагт хүлээн авсан.     

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 16:10 цагт очиход барьж байгаа барилгын 1 дүгээр давхарт хураалттай барилгын материал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хорооны “Могойт дэнж”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 09:15 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 13 км зам туулан 09:28 цагт очиход иргэн О-ийн 6×12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Арвайхээр. Эмт багийн 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 11:25 цагт очиход иргэн Н-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Хэнтий аймаг, Хэрлэн сум. 2 дугаар багийн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 12:38 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 12:42 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, иргэн А-ийн 1 тн орчим өвс тус тус шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 16 дугаар хорооны 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 22:53 цагт хүлээн авсан.     

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 22:57 цагт очиход иргэн С-ийн эзэмшлийн 5×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 9 дүгээр хорооны 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 02:42 цагт хүлээн авсан.     

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 02:50 цагт очиход иргэн А-ийн 6×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Химийн бодисын осол: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хорооны “Задгай”-д эмийн үйлдвэрийн агуулахад химийн бодис алдагдсан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан.

Үндэсний Аврах бригадын алба хаагчид 04:15 цагт очиж “Газ тек TG-1” багажаар хэмжилт хийхэд 2.5 ppm “Цианамид” алдагдсан байсныг усаар саармагжуулж, өрөө тасалгааны цонхыг онгойлгож агаар сэлгэн мөн өдрийн 09:00 цагт дахин хэмжилт хийхэд тус үйлдвэр дэх агаарын найрлагад “Цианамид” илрээгүй болно. 

Мөс цөмөрсөн: Ховд аймаг, Дөргөн сум. Сээр багийн “Шанадас” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс урд зүгт 10 км-т/ Дөргөн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөс цөмөрч живсэн, зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 120 км зам туулан 12:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Б-ын “Ланд крузер-80” загварын суудлын автомашин Дөргөн нууранд живсэн байсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж 3 метрийн гүнд шумбалт хийж автомашиныг ган татлагаар холбосон бөгөөд 5 метрийн урт, 10 метрийн өргөнтэй талбайн мөсийг зайлуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:10 цагт түр зогсоосон. 01.07-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлэн ажиллаж мөн өдрийн 15:10 цагт автомашиныг нуураас татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top