Европын холбооны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн албаны мэдээлснээр сүүлийн долоон жилд бүртгэгдсэн хамгийн дулаан жилээр 2021 он тодорлоо. Өнгөрсөн оны байдлыг бусад жилүүдтэй харцуулж үзвэл нүүрстөрөгчийн давхар исэл, метаны хэмжээ дээд цэгтээ хүрсэн гэж Европын холбооны эрдэмтэд мэдэгдэв.
Энэ талаар албаны тайланд 1850 оноос хойших бүртгэлээс харахад сүүлийн долоон жил дэлхийн хамгийн дулаан жил байсан аж. Тодруулбал, 2021 онд дэлхийн дундаж температур 1.1-1.2С (1.98) буюу 34.16°F хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хийн ялгаруулалт манай гаригийн уур амьсгалыг өөрчилснөөр урт хугацааны дулаарал ирэх аюул нүүрлээд байна. Уур амьсгалын өөрчлөлт нь маш аюултай бөгөөд 2021 онд Европ, Хятад, Өмнөд Суданд болсон үерээс эхлээд Сибирь, АНУ-д гарсан ой хээрийн түймэр хүртэл дэлхийг хамарсан олон цаг агаарын аюултай үзэгдэл болсон.
2015 оны Парисын хэлэлцээрт мэдэгдсэнээр дэлхийн температурын өсөлтийг улс орнууд 1.5С (2.7F) хүртэл хязгаарлахыг оролдсоноор гамшгаас сэргийлэх боломжтой. Ингэснээр 2030 он гэхэд ялгаралтыг хоёр дахин бууруулахгүй бол байдал бүр хурцадна гэжээ.
Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн албаны захирал Карло Буонтемпо хэлэхдээ 2021 он бол Европ дахь хамгийн халуун зун, Газар дундын тэнгисийн халууны давалгаа, Хойд Америкт урьд өмнө хэзээ ч тохиож байгаагүй өндөр температуртай, эрс тэс жил байлаа. Эдгээр үйл явдал нь биднийг амьдралын арга барилаа өөрчлөх, тогтвортой нийгэмд хүрэхийн тулд шийдэмгий, үр дүнтэй алхам хийх, цэвэр нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах чиглэлээр ажиллах шаардлагатай байгааг хатуу сануулж байна гэж анхааруулав.
Хүлэмжийн гол хий болох CO2 болон метан хийн дэлхийн хэмжээнд нэмэгдэж, 2021 онд дээд хэмжээнд хүрчээ. Цар тахлын эхэн үед буюу 2020 онд CO2-ын ялгаруулалт түр буурсан ч 2021 онд 4.9 хувиар нэмэгджээ.
Эх сурвалж: Аl jazeera