ДЭМБ: Ковидын төгсгөл харагдаж байгаа ч ирэх 3 сар хүнд байна

covid-free.jpg

Коронавирусын цар тахлын төгсгөл харагдаж эхэлсэн ч ирэх гурван сар дэлхийн эрүүл мэндийн салбарын хувьд хүнд байх болно гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусгай төлөөлөгч Дэвид Набарро мэдэгджээ.

Бид яг л уртын зайн марафонд гүйж байна. Гэхдээ барианд ойртсон гэж хэлэхэд эрт.

Цар тахлын төгсгөл хаяанд тулж ирснийг харж байна. Гэхдээ барианд орохоосоо өмнө хэд, хэдэн давалгаатай нүүр тулна гэж тэрбээр Их Британийн Sky News сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Эрдэмтний үзэж буйгаар, вирус хувьсан өөрчлөгдсөөр байгаа аж.

Ойрын үед коронавирусний шинэ хувилбарууд дахин гарч ирнэ. Баруун Европт цар тахалтай хэрхэн тэмцэх учраа олсон бол дэлхийн бусад хэсэгт нөхцөл байдал хямралын түвшинд ойртож байна гэж тэрбээр онцолсон байна.

Хөгжиж буй улс орнууд эдийн засгийн байдлаас шалтгаалан халдвар  хамгааллын хатуу арга хэмжээ авах боломжгүй байгаа нь Ковид-19 халдварын нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Тиймээс дор хаяж ойрын гурван сар нөхцөл байдал хүнд хэвээр байх болно гэж Набарро тодруулжээ. Түүний хэлснээр, коронавирусний шинэ хувилбар гарахаас үүдэн гурав, дөрвөн сар тутам шинэ давлагаа дэгдэж болзошгүй.

Өнгөрсөн оны сүүлээр ДЭМБ-ын шинжээч Мариа ван Керкхове коронавирусний цар тахалд 2022 онд цэг тавина гэж найдаж буйгаа илэрхийлж байсан билээ.

Коронавирусний бусад хувилбаруудаас онцгой халдварлах чадвартай “Омикрон” хувилбар тархаж байгаа ч энэ оны дунд үе гэхэд дэлхийн бүх улс орон хүн амынхаа дор хаяж 70 орчим хувийг вакцинд хамруулах зорилтдоо хүрэх нь тодорхой болоод байна гэж ДЭМБ мэдэгдээд байна. 

scroll to top