Д.Эрдэнэбилэг: Ангийнхан маань бүгд хүндэтгэлийн хувцастай жагсчихсан, нижигнэтэл алга ташаад, уухайн дуутай хүлээж авсан

zsdey.jpg

С.Отгонбаяр

Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салаан захирагчийн туслах, тэргүүн ахлагч, гавьяат гал сөнөөгч Д.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү. Ховд аймгийн хүн гэсэн үү?

-Ховд аймгийн Цэцэг суманд төрж, өссөн. Найман нас хүртлээ сумандаа амьдраад аав, ээж минь төвд ажиллахаар болж аймгийнхаа төв рүү шилжсэн. 1995 онд ах эгч нар маань сургуульд орохоор болж хотод орж ирж байлаа. Тэгээд л хотын хүмүүс болцгоосон доо.

-Онцгой байдлын газартай та яаж холбогдсон юм бэ?

-Манай найз онцгой байдалд ажилладаг байлаа. Найзтайгаа цуг ажил руу нь очиж үзтэл үеийн шижигнэсэн сайхан залуусаас бүрдсэн, нэр хүндтэй байгууллага санагдсан. Тэгээд л найздаа танай ажилд оръё гэж хэлээд бичиг баримтаа бүрдүүлж, өгөх ёстой шалгалт, үзүүлэлтүүдийг ном журмын дагуу өгч тэнцээд л орсон доо.

-Тухайн үед онцгой байдлын алба ямар шалгуур тавьдаг байсан бэ. Их шалгуур өндөртэй байгууллага шүү дээ?

-Гурван үеийн түүхээ бичээд, биеийн тамир, хурд хүчний шалгалт авна. Бие бялдар, эрүүл мэнд гээд бүх талаараа л өв тэгш залуусыг манай байгууллага шалгаруулж авдаг. Шат шатны боловсролын байгууллагыг дунджаас дээш үнэлгээтэй төгссөн гэрчилгээ, бичиг баримтаа бүрдүүлнэ. Тэр бүх шалгуурт нь тэнцээд ажилдаа орсон л доо. Завсраар нь мэргэжил дээшлүүлэх курстээ сууна. Гал сөнөөгчийн курс гэж явагдана. Одоо ч явагдаж байгаа. Түүндээ суугаад гал сөнөөгчийн мэргэжилтэй болсон.

-Гал сөнөөгчийн ажлыг хийгээд хэдэн жил болж байна. Энэ хооронд хичнээн хүний амь насыг аврав?

-Гуравдугаар сарын 15-ны өдөр ажилд орсны маань 20 жилийн ой болно. Тэр хооронд ажил мэргэжлийнхээ сайн сайхан, баяр жаргалтай, уйлж гашуудмаар, халширч халагламаар, баярлан бахархмаар олон зүйлийг үзсэн дээ. Яг хэдэн хүний амь нас, эд хөрөнгийг аварснаа тоолж байгаагүй юм байна. Бидний зарчим хурдан шуурхай ажиллах, цаг алдахгүй байх, секунд дольтой уралддаг болохоор тэр бүхнийг тоолж, тооцоолж байх зав зай олддоггүй юм л даа.

-20 жилийн хугацаанд санан дурсмаар сайхан зүйл олон тохиолдсон биз. Уншигчдад маань хуваалцаач?

-Байлгүй яах вэ. Гал унтрааж, хүний баярласан сэтгэл, бахархсан харцыг харсан олон сайхан дурсамжууд бий. Хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж, ард иргэдээ авран хамгаалж явсан түвэгтэй, гунигтай, харуусмаар, нүд халтрам үеүд олон.

-Яг өөрөөрөө бахархаад “Би чинь ийм зүйл хийж чаддаг юм байна” гэж бодох үе байв уу?

-Шинэ цэрэг байхдаа дөнгөж ажилд орчихоод ах нартайгаа ажил мэргэжлийн тэмцээнд орлоо. Тэр үед анх тэмцээнд орж байж, 5-6 жил ажилласан ах нарыгаа гүйцэж, түрүүлж байхдаа өөрөөрөө бахархаж байж билээ. Ах нартай бэлтгэл хийгээд гүйгээд байвал, ажил мэргэжлийн тэмцээндээ ороод түрүүлж болдог юм байна гэж бодсон. Тэмцээн секунд, долиор уралддаг. Цагаараа ах нарыг ялсандаа их омогшиж байсан маань санаанаас гаралгүй үлджээ.

-20 жил ажилласан гэхээр шинэ үеийн залуус одоо хүч түрэн гарч ирсэн байна. Таны анх ажилд орж байсан үеэс одоо ямар санагдаж байна. Хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Намайг анх орж ирсэн уламжлалт аргаараа л яваа. Шинэ орж ирсэн хүнийг багш, сурган хүмүүжүүлэгчид нь даатгаж өгдөг. Тэр хүн нь багш нь болоод өөрийн сурсан мэдсэн бүх зүйлээ заана. Гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг яаж хэрэглэхийг бүгдийг нь зааж өгнө. Утаат орчинд хэрхэн амьсгалах, задгай гал яаж унтраах, подвалийн гал ингэж унтраана гээд халамжлан хүмүүжүүлэгч нь бүгдийг нь эхнээс нь зааж өгдөг. Тэр хүүхдийг хурдан хугацаанд сургаж, өөрсдийнхөө эгнээнд нэгтгэн авах арга хэмжээг маш хурдан авч явдаг даа.

-Гал унтраах 10 дугаар анги хотын бүхий л дуудлагад хүч нэмэн очдог шүү дээ. Дүүрэг бүр гал унтраах ангитай ч, унтрааж дийлэхгүй үедээ танай ангийг нэмж дууддаг нь ачаалал ихтэй ажилладаг шиг санагддаг?

-Дүүрэг бүрт гал унтраах анги бий. Манай ангийн онцлог нь гал түймэр унтраах түүхэнд анхны анги нэгтгэл болон нээгдсэн. Энэ жил Гал түймэртэй тэмцэх байгууллагын үүсч хөгжсөний 100 жилийн ой болж байгаа. Нэгдүгээр сарын 13-нд болох юм. Түүнээс хоёр жилийн дараа Гал түймэртэй тэмцэх анги байгуулагдсан байдаг. Түүхэнд анхны анги гэдэг утгаараа үр нөлөө, ур чадвар бүхий л зүйл нь бий. Үеийн үед манай ангид ажиллаж байсан хамт олон, ахмад ажилчид удам дагадаг гэдэг шиг хойч үедээ сайн муу бүхий л зүйлээ заагаад, туулаад түүнийхээ ач гавьяагаар 10 дугаар ангийн нэр хүнд, хүчин чадал сайтай, бусад ангиудад нэмэлтээр дуудагдах нь өндөр байдаг.

-Та гавьяат болно гэдгээ хэзээ мэдсэн бэ. Ангиас тань таныг тодорхойлсон уу?

-Нийслэлийн онцгой байдлын газраас тодорхойлсон. Гал сөнөөгчөөр хамгийн удаан ажилласан гээд. 2021 оны арванхоёрдугаар сарын 27-нд Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаад “Та гавьяат цолоор шагнагдах боллоо. Маргааш өглөө 11:00 цаг гэхэд хувцсаа бэлдээд бэлэн байж байгаарай” гэж ярьсан.

-Ерөнхийлөгчөөс гавьяатын тэмдгээ аваад зогсож байхад ямар сэтгэгдэл төрж байв. Танд гавьяат цол олгохдоо Ерөнхийлөгч ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-Нулимс л урсчихдаг юм байна лээ. Уйлсаар байгаад л гарч ирсэн. Ерөнхийлөгч “Баяр хүргэе. Онцгой байдлын албан хаагчдадаа хайртай шүү. Та бүхнээрээ үргэлж бахархдаг. Энэ цаг үеийн хамгийн нэр хүндтэй алба, сайн эрчүүд энэ албанд бий шүү. Цаашид улам илүү амжилт гаргаарай. Ажилд нь амжилт хүсье” гэж хэлсэн.

-Гавьяат болоод ажил руугаа очиход анги нэгтгэл нь яаж хүлээж авав?

-Бүгд хүндэтгэлтэйгээр угтаж авсан. Бүрэн бүрэлдэхүүнээрээ бүх машинаа гадаа бэлэн байдалд зогсоочихсон. Техник, багаж, хэрэгслээ бэлдчихсэн. Ангийнхан бүгд хүндэтгэлийн хувцастай жагсчихсан, нижигнэтэл алга ташаад, уухайн дуутай хүлээж авсан. Үнэхээр хэлэх үг олддоггүй ээ. Чаддагаараа уйлдаг л юм байна лээ /уйлав/.

-Таныг анх ажилд ороход тань аав, ээж тань юу хэлж байв. Баярлаж, бахархаж байв уу. Аюултай ажил шүү сануулж байсан уу?

-Аав, ээж хоёр маань сайхан нэр хүндтэй албыг улам өндөрт өргөн авч явдаг юм шүү. Аавын олон эрстэй эв нэгдэлтэй, санаа нийлэн сайн ажиллаарай гэж захиж байсан. Их л бахархаж байх шиг санагдсан.

-Аав, ээжийнхээ тухай яриач. Ямар ажил мэргэжилтэй хүмүүс байв?

-Аав, ээж хоёр маань Ховд аймгийн Цэцэг сумын уугуул иргэд. Ажилчин хүмүүс. Аав минь сумынхаа кино механикч, ээж минь сургуульд үйлчлэгч хийдэг байлаа. Намайг ухаан орох үеэр аав маань аймгийнхаа төвийн Магсаржав кино театрт кино механикчаар очсон. Ээж минь тэр үед аймгийнхаа онгоцны нисэх буудалд үйлчлэгчээр ажиллах болсон. Тэгээд 1995 онд хот руу шилжин ирсэн. 20 настай байхад минь аав, ээж хоёр минь бурхан болсон доо.

-Таныг гурван хүүхэдтэй гэж сонссон?

-Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань гурван хүүхдээ өсгөн хүмүүжүүлээд гэртээ байдаг. Том охин маань оюутан. Гуравдугаар курст сурдаг. Дундах охин арваннэгдүгээр анги. Бага хүү гуравдугаар анги. Нэг үеэ бодвол том болцгоосон. Ээждээ тустай болж, намайг ажилтай үед ээжийгээ халамжилна.

-Уучлаарай асуухаас өөр арга байсангүй ээ. Таны эхнэрийг хүнд өвчин туссан гэсэн?

-Эхнэр маань элэгний хорт хавдартай гэсэн оноштой. Гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг. Эмчилгээг аль болох таслахгүй гээд хичээж л байна. 2021 онд улсаас хорт хавдрын бүх эмчилгээг төрөөс үнэгүй хийх аян явагдсан юм байна лээ. Түүний хүрээнд урдчилсан хагалгаанд ороод гарсан.

-Одоо биеийн байдал ямар байгаа вэ?

-Гайгүй. Хоёрдугаар сард дахин үзлэгт ороод, бүрэн нээлттэй хагалгаанд орох эсэх нь шийдэгдэнэ. Хоёрдугаар сарын 13-наас шийдэгдэнэ. Түүнийг хүлээж байна.

-Таныг Хотын захиргаанаас хоёр өрөө байраар шагнах тухай яриа байсан. Одоо хаана амьдарч байгаа вэ?

-Хараахан шийдэгдээгүй байгаа. Нийгмийн асуудлыг шийдэх тал дээр яригдсан. Тоймтой шийдвэр гараагүй байгаа. Одоо Сонгино хайрхан дүүргийн долдугаар хороо буюу Баянхошуунд амьдардаг. Хилчний хоёр давхар нийтийн байр бий. Зургаан айлын гурван тийшээ харсан нийтийн байр байдаг. Тэнд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Түрээсийн байр юм уу?

-Хувьчлагдсан байр л даа.

-Төрөөс таныг үнэлж энэхүү сайхан цолыг хүртээхээр юу бодогдож байх юм. Цаашид хийе гэж бодож төлөвлөсөн ажил бий юү?

-Би Гал унтраах олон техникт спортын мастер. Одоо залуу үеэ бэлтгэхээр зорьж, зодгоо тайлсан. Цаашид ангидаа дасгалжуулагч хийж, шинээр гарч ирж байгаа залуу тамирчдаа амжилттай бэлтгэж, өөрийнхөө гаргаснаас илүү амжилтад хүргэхийг хичээн ажиллах болно. Гал унтраах олон техникт спортын дэлхийн аваргад дөрвөн тамирчнаа сойх бодол бий. Манай Гал унтраах 10 дугаар анги Гал унтраах олон техникт спортын долоон удаагийн хотын аварга, улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэхэд би баг хамт олонтойгоо оролцон, гар бие нийлэн зүтгэж, авч байлаа. Улсын аваргын саадтай 4х100 метрт 2006 онд улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Түүнээс хойш дэлхийн аваргын тамирчдын бэлтгэлийн цаг дээр эвдэгдсэн. Албан ёсны тэмцээн дээр эвдэгдээгүй энэ амжилтаа одоог хүртэл эзэмшиж яваа.

-Гал унтраах алба өөрөө их онцлогтой санагддаг. Бэлтгэл сургуулилт тасралтгүй хийж, байнгын бэлэн байдалд байгаад дасчихсан уу?

-Өдөр бүр бэлтгэлээ хийнэ. Цагийн хуваарийн дагуу 24 цагийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид ээлжээ хүлээж аваад, дараагийнхаа үйл ажиллагаанд бэлтгэж дасгал сургуулилт, хошуу хоолой, техник багаж хэрэгсэлтэй танилцаж, хоёр цагийн бэлтгэл хийдэг.

-Ажлаа хийж байхдаа сэтгэлд тань үлдсэн хамгийн дурсамжтай явдлаа яриач?

-Утаатай нөхцөлд гал унтраахаар явж байсан юм. Гурвуулаа ар араасаа нэгнийхээ мөрөн дээр гараа тавиад цуваад, галын голомтоо хайж, унтраахаар явж байтал гэнэт урд явж байсан нөхөр маань алга болчихсон. Хайгаад олддоггүй. Баахан дуудлаа. Тэгсэн урд явж байгаад жижигхээн дөрвөлжин зоорьны нүх байсныг утаатай нөхцөлд харахгүй гишгэгдэл алдаад уначихаж. Түүнийг нь мэдэхгүй баахан хайгаад тэрүүгээр нэг орилоод олддоггүй. Тэр явдал санаанаас гардаггүй юм. Гэхдээ жижигхэн нэг их гүн нүх биш байсан болохоор бэртээгүй байсан л даа. Хайгаад олдохгүй өөрөө гарч ирсэн шүү дээ /инээв/.

-Нэг жилд та салаатайгаа дунджаар хэдэн дуудлагад явдаг вэ?

-Нарийн дунджилсан үзүүлэлт байхгүй. 2021 онд манай анги 365 удаагийн дуудлагад гарсан байдаг. Түүний 40 гаруй хувьд нь салаа, хамт олон тасагтайгаа хамтарч үүрэг гүйцэтгэсэн. 160 орчим дуудлагад нь явсан байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

scroll to top