Мэндчилгээ

Mendchilgee-A-darga-1-1.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд “Ардын Засгийн Газрын 1922 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар хуралдааны тэмдэглэлээр Галын аюулаас сэргийлэх газар байгуулах шийдвэр гаргаснаар Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулууны нэг Гал түймэртэй тэмцэх алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Нэгэн зууны түүхэн хугацаанд үе үеийн ахмадууд, гал сөнөөгчдийн буухиалан авч ирсэн иргэдийнхээ энх амгалангийн манаанд нүд цавчилгүй зогсож, халуун хүйтнээс халшралгүй өргөсөн тангарагтаа үнэнч байж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, ард түмнээ гэсэн чин зүтгэл, үнэнч сэтгэлийн галаас өнөөдрийн Онцгой байдлын байгууллагын гал бадамлан ассаар байгаа билээ.

Сүүлийн жилүүдэд Засгийн газрын тогтоолоор Гал түймэр унтраах аврах анги,  эрэн хайх аврах салбар, бүлгийг шинээр байгуулж, Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний тоог 40 орчим хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улс, Австри, Беларусь, Солонгос, Хятад, Польш, Франц, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд Онцгой байдлын байгууллагын гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийн чадавх 50 хувиар нэмэгдсэн байна.

Цаашид бид хамтдаа өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилт, хөгжил дэвшлийг улам бататган үе үеийн удирдлага, ахмадууд, алба хаагчдын хичээл зүтгэлийг үргэлжлүүлэн улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Онцгой байдлын байгууллагын ууган алба болсон гал түймэртэй тэмцэх байгууллагад ажиллаж байсан ахмадууддаа урт насалж удаан жаргахыг ерөөж, одоо ажиллаж байгаа офицер, ахлагч, аврагч, гал сөнөөгчид болон тэдний ар гэрийнхэнд түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье”. гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top