Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:   Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал:   15-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 18-наас өдөртөө хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжид зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан “Цэгц” ХХК-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 12:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан “Алтан дүрэм” ХХК-ийн 18х13 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.   

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 10:03 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан иргэн М-ын 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Өндрөөс аврах: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны орон сууцны 16 давхар барилгын 8 дугаар давхрын шатны хонгилийн цонхоор 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 14:16 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан иргэн Г/57 настай, эрэгтэй/ 8 давхрын цонхоор үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top