Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшиж, цас хялмаална. Өдөртөө багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 17, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо “Туул” голын эрэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 15:20 цагт очиход овоолж асгасан хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаад байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан иргэн Ж–ын 4×5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан иргэн Б-ын 4×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн ‘’Тосгоны-Өвөр’’ гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км/-т гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан иргэн Н-ын 8 ханатай гэр, бууцны хамт шатаж байсныг 1 цаг 56 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 12 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан иргэн Т-ийн “Истана” загварын бага багтаамжийн автобус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Автозамын тээврийн осол: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Бурхант багийн “Гарьд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 94 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т 2 автомашин мөргөлдөж 3 хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 01.15-ны өдрийн 07:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 94 км замыг туулан очиход Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн “Сай” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай /3 зорчигчтой/ мөргөлдөж иргэн Э /25 настай эрэгтэй/, Э /46 настай, эмэгтэй/, С /32 настай, эрэгтэй/, С /26 настай, эрэгтэй/, А /31 настай, эрэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдаж гэмтсэн байсныг 20 минут ажиллаж эсэн мэнд гарган Нарийнтээл сумын нэгдсэн эмнэлэгт, иргэн А /6 настай, эмэгтэй, Баянхонгор аймгийн харьяат/, Т /26 настай, эрэгтэй, Баян-Өлгий аймгийн харьяат/, 1 зорчигч /нэр, нас тодорхойгүй, цогцсыг таних боломжгүй/ нас барсан тул цогцсыг гарган мөн сумын Цагдаагийн хэлтсийн хэсгийн цагдаад тус тус шилжүүлэн өгсөн. /Нарийнтээл сумын эмнэлэг газарзүйн байршлын хувьд ойрхон тул тус эмнэлэгт хүргэж өгсөн./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top