Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна

.Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгууд нутгийн зарим газраар, 30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд, 31-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд Алтайн салбар уулсаар, 29-31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Шуудай харгант тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 380 км, сумын төвөөс зүүн зүгт 16 км/-т 4 ханатай гэр 01.26-ны өдрийн 11:00 цагийн үед шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус сумын Байтаг багийн Засаг дарга, сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчдыг чиход иргэн Б-ын 4 ханатай гэр бүрэн шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн “Хино” загварын ачааны автомашины зүүн хойд дугуй шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байр Цахилгаан шатны хонгилд хүүхэд унасан тухай дуудлагыг 01.26-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан /12 давхар орон сууц/-ны 1 дүгээр орцны 7 дугаар давхраас 1 дүгээр давхрын цахилгаан шатны хонгилд А /3 настай, эрэгтэй/ унаж бэртсэнийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн автомашинаар эцэг эхийн хамт “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хүргэж өгсөн. Иргэн А /3 настай, эрэгтэй/ эмнэлэгт очсоны дараа нас барсан. /Тус байрны цахилгаан шат ажиллахгүй засвартай байсан./

 Цас шаварт суусан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Улаан толгойн шил’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 186 км, сумын төвөөс зүүн зүгт 6 км/-т ачааны автомашин замын хажуу руу орж явах боломжгүй болсон тухай дуудлагыг 01.26-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд зорчиж явсан иргэн А-ын “Хино” загварын ачааны автомашин /3 тн ачаатай/ замаасаа гарч цасанд суусан байсныг 60 минут ажиллан татаж гарган иргэн А-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top