Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, 30-ны өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, 31-ний өдөр нутгийн зүүн өмнөд хэсэг, 2 дугаар сарын 1-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 29-31-ний өдөр говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 17:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан иргэн Н-ын 10х14 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. /Уг гал түймэрт иргэн Н-ын 2 гар түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТ-д хүлээлгэн өгсөн./

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн 42 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 19:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан иргэн Б-ийн “Грандуэр” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн Баясгалант хэсгийн 6 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 141 км-т/ 5 ханатай гэр 01.27-ны өдрийн 19:21 цагт шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:50 цагт хүлээн авсан.  Иргэн О-ын 5 ханатай гэр шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багийн “Хар бут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвд/Байшин шатсан тухай мэдээллийг 01.27-ны өдрийн 23:13 цагт хүлээж авсан. Иргэн А-ын 10х12 метрийн хэмжээтэй байшин шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top