Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.  

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, 31-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 2 дугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд говь, талын нутгаар, 2 дугаар сарын 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны “Дамбадаржаа”-гийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан иргэн Ц-ын 4×7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Гавьжийн шанд”-ын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 11:56 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 21 км зам туулан иргэн Т-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн “Задгай”-д Байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 12:32 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан иргэн Б-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Ар гүнт”-ийн зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 12:32 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид иргэн С-ийн 10×10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж, хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 23 км зам туулан 13:17 цагт очиж 10 минут ажиллаж тус тус унтраасан. 

Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант багийн 7 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан.  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 18 км зам туулан иргэн С-ын 30 тнн өвс шатаж байсныг 4 цаг 16 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдуулт багийн 20 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 16:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан иргэн Б-ийн “Королла” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Улаан-Ухаа багийн “Дархан ноёны-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, Багануур дүүргээс зүүн зүгт 50 км-т/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан.   Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 52.5 км зам туулан иргэн Б-ын 35×35 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтын зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан иргэн Б-ийн 6×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Ээж хайрхан”-ы 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний 00:57 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан иргэн Ч-ийн 8×7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 01:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан иргэн Т-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн 10 дугаар байр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат иргэн Б-нь 01.28-ны өдрийн 05:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:20 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Б /28 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 01.28-ны өдрийн 23:38 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.        

  ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

                           

scroll to top