Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2 дугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 2, 3-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа 2” хороололд зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагаар /01.29-ний өдрийн 22:54 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 23:01 цагт очиход тус байрны зоорийн давхарт цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. /Утаажилтын бүсээс 112 иргэнийг гаргасан./

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хороо, Товчооны зам Сонсголонгийн орчим “Ханбогд кашимер” ХХК-ийн үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 04:10 цагт хүлээн авсан.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 04:15 цагт очиход тус үйлдвэрийн 90х28 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн 1 дүгээр давхарт хялгас ялгах машин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. /Утаажилтын бүсээс 4 иргэн гаргасан./

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 4 дүгээр хороо, Нисэхийн 36 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 20:48 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:53 цагт очиход иргэн Г-ын 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхаан тосгон 2 дугаар багийн 1 дүгээр хэсэгт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 20:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 55 км замыг туулан 21:02 цагт очиход иргэн З-ын 6×10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 05:37 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 05:41 цагт очиход иргэн Г-ийн 6.5х6.5 метрийн хэмжээтэй байшингийн дотор хана, тааз шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 22 дугаар хороо, Мандал-Овоогийн 1 дүгээр гудамжинд автомашин байшин мөргөж жолооч нь хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 02:21 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 02:42 цагт очиход иргэн Б/32 настай, эмэгтэй/ баригдаж буй 3 давхар байшингийн гадна хана болон бага оврын микро автобусны зүүн талын хаалганд баруун гар, толгой хэсэг хавчуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж цогцсыг гарган Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум. 2 дугаар багийн 10 дугаар байранд оршин суух Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат иргэн Б-нь 01.28-ны өдрийн 05:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:20 цагт хүлээн авсан.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, 1 эрэлч нохойтой, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, “Шивээ-Овоо” ХК-ийн ажилчид хамтран иргэн Б/28 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 01.29-ний өдрийн 08:00 цагаас эхлэн 3 хэсэгт хуваагдан Шивээговь сумаас урагш Даланжаргалан сум, “Чойр-Уул” гэдэг газар хүртэл, “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайгаас урагш, уурхайн баруун болон зүүн тал, “Хаялага” нуур чиглэлд нийт 360 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:30 цагт Дорноговь аймгийн Даланжаргалан сум Өнгөт багийн “Өнгөт толгой” гэдэг газраас /сумын төвөөс зүүн урагш 35 км/-т эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум. Баянхошуу багийн нутагт Өвөрхангай аймгаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн И “Корола” загварын суудлын автомашинтай /дотроо 2 зорчигчтой/ Мандал-Овоо сумаас 17:00 цагийн үед гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.30-ны өдрийн 02:30 цагт /03:01 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Мандал-Овоо сум /Даланзадгад сумаас 145 км зайтай/-ын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн.

Цаг агаар: 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн төв болон зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, салхины хурд 14-16 м/с хүрсэн.

4.Бусад:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 5 дугаар хороо Тэмүүлэн хотхонд хаалга онгойлгоход тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс 01.29-ний өдрийн 06:44 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 06:57 цагт очиж түгжигдсэн хаалгыг 5 минут ажиллаж онгойлгон Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top