Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зарим газраар, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд говь, талын нутгаар, 12-нд говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 8 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:53 цагт очиход иргэн Г-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 5 метрийн хэмжээтэй хашаа, 3х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Бага дарханы-Өвөр” гэдэг газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 03:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 500 метр замыг туулан иргэн Н-ын 5 ханатай гэр шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /аюул/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн “Партизан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 82 км, сумын төвөөс хойд зүгт 2 км/ Ховд голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин голын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 02.07-ны өдрийн 13:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид Цэнгэл сумаас тус сумын Цагаантүнгэ багийн чиглэлд зорчин явсан иргэн А-ын “Фургон” загварын автомашин, Б-ын “УАЗ-469” загварын суудлын автомашинууд “Ховд” голын мөс цөмөрч суусан байсныг татан гаргаж иргэн А-д /47 настай, эрэгтэй/ хүлээлгэн өгсөн.

Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн “Рашаант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км, сумын төвөөс урд зүгт 18 км/ 1 хүн хаднаас бууж чадахгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан малчин С /32 настай, эрэгтэй/ нь 18 бог малын хамт 200 м орчим өндөртэй хаданд хашигдаж буух боломжгүй болсон байсныг 1 цаг 53 минут ажиллаж тухайн иргэнийг 18 бог малын хамт хаднаас буулгасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top