Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын баруун болон өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 21-26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 13-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 14, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Ховд аймаг, Жаргалант сум. Магсаржав багийн Гэрэлт хотхон 2 дугаар нийтийн орон сууцны гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 02:23 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 02:26 цагт очиход тус байрны гадна хаясан барилгын материалын хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймаг, Сайхан-Овоо сум. Мааньт багийн “Цагаан шороот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 22 км/-т эзэнгүй 5 ханатай гэр 02.11-ний өдрийн 04:00 цагийн үед бүрэн шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 13:35 цагт хүлээн авсан.

Тус сумын Мааньт багийн Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нар мөн өдрийн 12:34 цагт очиж малчин Б-ын 5 ханатай гэр шатсан газарт ажилласан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 15 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 09:50 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 09:57 цагт очиход эзэнгүй айлын 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 5 минут ажиллаж унтраан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

Завхан аймаг, Улиастай сум. Өлзийт багийн Залгамжлагч хэсгийн 2 дугаар гудамжинд эзэнгүй байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 13:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:40 цагт очиход иргэн Б-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 17 минут ажиллаж унтраан иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, “Яргайт” зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 00:00 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 00:11 цагт очиход иргэн О/81 настай, эрэгтэй/-ы 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг болон жижиг өрөөний эд зүйлс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 00:24 цагт очиж ажилласан. Тус гал түймэрт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч иргэн О/81 настай эрэгтэй/ нь өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэг 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 00:06 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 00:11 цагт очиход иргэн Э-ы 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Гүний болон ул хөрсний ус: Баян-Өлгий аймаг, Бугат сум. 4 дүгээр багийн “Тошинт” гэдэг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 16 км, сумын төвөөс зүүн хойд 20 км/-т усны халиа үүсэж хашаа, байшинд ус орсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид “Ковш-50” тусгай зориулалтын автомашинтай 16 км замыг туулан 14:25 цагт очиж иргэн Т-ын өвөлжөө рүү усны халиа урсаж хашаа хороо, байшин амбаарт ус орж байсныг 1.5 м өндөр, 1 м өргөн, 45 м урт хамгаалалтын даланг 5 цаг 44 минут ажиллаж босгон иргэдийг аюулгүй болгосон.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дархан-Уул аймаг, Хонгор сум. 2 дугаар багийн “Германы алт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 87 км, сумын төвөөс зүүн зүгт 48 км, Шарын гол сумын төвөөс урд зүгт 12 км/-т иргэн Э нь 02.11-ний өдрийн 16:00 цагт гэрээсээ морьтой малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг Шарынгол сумын Цагдаагийн хэсгээс 02.11-ний өдрийн 23:20 цагт /23:55 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхний хамт иргэн Э/27 нас, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 02.11-ний өдрийн 21:18 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top