1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 18-23 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 17, 20-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17, 18-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойрогт гал гарч байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан “Эс Жи Эс” ХХК-ийн 6х10 метрийн хэмжээтэй өрөөнд цахилгааны утас, шүүгээ шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Гал түймэрт тус байгууллагын ажилтан Б /25 настай, эрэгтэй/-ий дух, баруун гарын сарвуу хэсэг түлэгдсэнийг ГССҮТ-д хүргэсэн.
– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн Хангал хороолол 15 дугаар гудамжинд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвд/ 02.15-ны өдрийн 01:10 цагт иргэн С-ийн байшин шатсан тухай мэдээллийг 02.15-ны өдрийн 11:59 цагт хүлээн авсан Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж иргэн С-ийн 10х7 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлсийн хамт шатаж байсныг 5 цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын эцэст Дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 09:03 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан иргэн Т-ийн 5х11 метрийн хэмжээтэй “Лайк” дэлгүүрийн агуулах дотор цахилгааны утас, хөргөгч шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут 7 дугаар баг Тавилгын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 09:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 10:00 цагт очиход “Очир гурван сайхан” ХХК-ийн “Очир” тавилгын дэлгүүрийн 2х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 11 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 11:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан иргэн У-ын “Портер” загварын бага оврын ачааны автомашины хөдөлгүүр, бүхээгний хэсэг, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн гадна тал, дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Бусад төрлийн осол /аюул/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Хуст-Арал” багийн “Ховд” голд Суудлын автомашин /дотроо 2 зорчигчтой/ мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 02.16-ны өдрийн 02:20 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан иргэн С-ын “Эстима” загварын суудлын автомашин Ховд голын мөсөнд урд талын 2 дугуй хэсгээр мөсөнд цөмөрч суусан байсныг 35 минут ажиллан татан гаргаж хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР