Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 18-23 градус, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал:   19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21, 22-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баянтөхөм”-ийн 24 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 08:58 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Д-ийн “Приус-10” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Дамбадаржаа”-гийн 73 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 15:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан очиход иргэн С-ийн 15×9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 23 дугаар гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 05:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн О-ын 3х4 метрийн хэмжээтэй граж, “Приус-10” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Мөс цөмөрсөн: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Мойлтын тохой” гэдэг газар /Налайх дүүргээс зүүн хойд зүгт 15 км-т/ Туул голын мөс цөмөрч автомашин суусан тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 07:02 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 15 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Налайх дүүргийн 6 дугаар хороо 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Харрер” загварын автомашин суусан байсныг 09:46 цагт татан гаргасан.   

Увс аймгийн Тэс сумын Булгийн-Өндөр багийн “Маамж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 185 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Тэс голын мөс цөмөрч суудлын автомашин живж жолооч нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Маамж” гэдэг газраас “Хар гуруй” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Пажеро” загварын автомашин живснийг татан гаргах ажиллагааг зохион байгуулахаар 12:50 цагт Тэс сумын чиглэлд явж 22:00 цагт очиж хоносон бөгөөд 02.18-ны өдрийн 09:00 цагт ажиллагааг эхлүүлнэ. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top