Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 3-р сарын 1-ний өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-ны өдөр нутгийн зарим газраар, 27-ны өдөр ихэнх нутгаар, 28-ны өдөр тал, хээрийн нутгаар, 3-р сарын 1-ний өдөр Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 27-ны өдөр нутгийн баруун хагаст, 28-ны өдөр нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 4 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 07:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 45 дугаар гудамжны задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Х-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Х /44 настай, эрэгтэй/, Ж /43 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсныг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Мэдээлэл технологийн сургууль Харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 02:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход тус сургуулийн 3х4 метрийн хэмжээтэй харуулын байр, “Приус-41” загварын суудлын автомашины бүхээг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн “Хөх булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т/ Нам даралтын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 08:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан очиход “Ховдын-Өргөө” ХХК-ийн 20х40 метрийн хэмжээтэй шинээр баригдаж байгаа барилгын нам даралтын зуух шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Чандмань хорооны 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн “Верна” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Оюутолгой” ХХК-ийн Ил уурхайд /сумын төвөөс баруун зүгт 35 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т/ Ус тээвэрлэгч автомашин шатаж байна гэсэн мэдээллийг 02.24-ний өдрийн 16:18 цагт хүлээн авсан “Камацу-785” загварын ус тээвэрлэгч /45 тн/ шатсаныг тус байгууллагын Аюулгүй байдал гэнэтийн осолд хариу үзүүлэх багийнхан ажиллаж унтраасан тухай мэдээллийг Онцгой байдлын хяналтын оператор аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

3. Ой, хээрийн түймэр:

– Ой, хээрийн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Шурангуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ 02.24-ний өдрийн 15:00 цагийн орчим ой, хээрийн түймэр гарсан мэдээллийг мөн өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 50 орчим га талбай шатаж унтарсан байсныг шалгасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

4.Хүний үйл ажилагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх баг /аймгийн төвд/ Иргэн Г 02.23-ны өдрийн 16:00 цагийн орчим аймгийн “Төв барааны зах”-ын орчмоос сураггүй болсон тухай мэдээллийг 02.24-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Г /51 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ийг эрэн сурвалжлах, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас 02.25-ны өдөр эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэх ажиллахаар шийдвэрлэсэн.

Ахуйн осол: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Мөнхөд бага насны хүүхэд угаалгын автомат машин дотор орж гацсан тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 00:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Б/3 настай, эмэгтэй/ хагас автомат угаалгын машины сэгсрэгч дотор орж гацсан байсныг 5 минут ажиллан эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top