1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас 7-12 м/с, говь тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цас багатай газар болон говь талын нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-ны өдөр Монгол-Алтай, Хэнтийн уулсаар ялимгүй цас, 11-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-13-ны өдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар, 11-13-ны өдөр нутгийн зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-ний өдрөөс нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Цээл сумын Сүүл буга багийн “Хэрсэн молом” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 222 км-т, сумын төвөөс 22 км-т/4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 03.08-ны өдрийн 16:21 цагт хүлээн авсан. Малчин Д-ын 4 ханатай гэр, 6х8 метрийн хэмжээтэй малын 2 саравч, 1 га орчим талбайд өнжмөл өвс шатсаныг орон нутгийн иргэд унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 68 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг тууланочиход иргэн А-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн О /65 настай, эмэгтэй/ ухаан алдсан байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж, нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт хэсгийн задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 32 км замыг туулан очиход 5 ханатай гэр, 0.5 га талбайд өнжмөл өвс байсныг 21 минут ажиллан унтрааж, тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
3. Ойн түймэр
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагын майл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т, Ө-49°32’42.89”, У-103°50’12.28”/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 03.07-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, мөн өдрийн 19:52 цагт цурамд оруулж, 03.08-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтраасан./Түймэрт урьдчилсан байдлаар 15 орчим га талбай шатсан/
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Бор-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 13:47 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж мөн өдрийн 15:12 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 3 орчим га талбай шатсан/
4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 44 км-т, Ө-50°15’00.0”, У-91°00’00.0”/ 03.08-ны өдрийн 09:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09:55 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 183 км-т, сумын төвөөс баруун зүгт 37 км-т, Ө-50°12’36.0”, У-91°08’24.0”/ 03.08-ны өдрийн 13:44 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 13:53 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өндрөөс унах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, 48/А дугаар байрны 6 орцны 5 дугаар давхрын тагт дээрээс хүн үсэрч болзошгүй байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 00:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан очиход иргэн С /21 настай, эрэгтэй, гэр бүлийн маргаантай/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тагтан дээрээс үсэрч болзошгүй байсныг ярилцлага хийснээр эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР