“Хотуудын гамшгийн тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу хийх ерөнхий үнэлгээг хийж байна

Screenshot-8.png

НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгын хүрээнд “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхын онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ерөнхий үнэлгээг цахимаар хийж байна.

Ерөнхий үнэлгээг 21 аймгийн хэмжээнд энэ сарын 09-10, нийслэлийн хэмжээнд 10-11-ний өдрүүдэд тус тус хийнэ.

Ерөнхий үнэлгээг эхний үе шат буюу 2018-2019 онд хийгдсэн үнэлгээний үр дүнтэй харьцуулж дүгнэх, улмаар Монгол Улсын хотуудыг тус санаачилгын хоёрдугаар үе шат болох “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот 2030” санаачилгад нэгдэн ороход дэмжлэг үзүүлэх эхний алхам болгох зорилготой юм.

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хот суурин газрын гамшгийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээ, эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх чиглэлээр олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, улмаар дэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох зорилгоор “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү санаачилгын эхний үе шат 2010-2020 онд хэрэгжсэн бөгөөд энэ хугацаанд дэлхийн 4300 гаруй хот нэгдэн орж, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны туршлага, ололт амжилтаа хуваалцан, цаашид гамшгийн улмаас учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн юм.

Монгол Улсын хувьд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү санаачилгад нийслэл Улаанбаатар хот болон Эрдэнэт, Дархан хотууд 2016 онд, бусад аймгийн төвүүд 2018 онд тус тус нэгдэн орж, Монгол Улс нь засаг захиргааны нэгжийн хувьд бүх хотоо “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрт нэгтгэсэн Ази тивийн анхны улс болсон билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top