“Онцгой Жаргалант” буюу сэтгэлийн амар амгалан

273769558_1350427558754259_545466622408818742_n.jpg

Намайг дуудаж сэрээсэн

Гэгээн өглөө сайн байна уу?

Нарны гэрэлд гялалзсан

Гэгээвч цонхнууд сайн байна уу?

Энхрий хайраар ивээсэн

Ээж ээ, аав аа сайн байна уу?

“Онцгой Жаргалант”-ын өглөө ингэж эхэлдэг.

  Онцгой албаны тулгын гурван чулууг гал түймэр, иргэний хамгаалалт, улсын нөөцийн буурлууд тавилцаж, гал голомтыг бадрааж, хойч үе нь нэр төртэй залгамжилж, одоо нэгэн цул сайхан гэр бүл болон бэхжжээ. Онцгой байдлын анхны сайд, хоёр ч удаа Шадар сайд, Ерөнхий сайдаар ажилласан Ерөнхийлөгч Хүрэлсүхийг манайхаас төрсөн Ерөнхийлөгч гэж онцгойхон дотносох нь учиртай. Онцгой байдлын байгууллагыг хөгжүүлэх, үндэс суурийг нь тавих, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход одоогийн Ерөнхийлөгч болон үе, үеийн сайд, дарга нар болоод эгэл аврагчдын гүйцэтгэсэн үүрэг нэн их. Тийм ч учраас Ерөнхийлөгчдөө Онцгойнхон хир халдаахгүй, ам сайтай байдаг юм. Онцгой албаны хөгжил дэвшлийн нэг тод жишээ Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги буюу “Онцгой Жаргалант” сэргээн засах төвийн талаар цухас дурдаюу. Аз жаргалтай амьдралын нууц юу юм бол. Жаргалан гэж юуг хэлэх вэ. Энэ асуултад хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулах байх. Миний хувьд элдэв зүйлгүйгээр эрүүл байх нэг насны жаргалан санагдана. Өнгөрсөн хэд хоног онцгой албаныхаа “Онцгой Жаргалант” сувилалд хэвтэн эмчлүүлж байхдаа, аавыгаа эмнэлгийн орон дээр хүчилтөрөгч залгуулж, шээсийг нь зөөж байхдаа их зүйл бодогдлоо. Хүн ажил амьдралын төлөө хичээн зүтгэж буй ч эрүүл мэндээ гаргуунд орхиж болохгүй юм байна. Ковид туссанаас хойш хэдий эдгэрсэн ч гэсэн бие болоод сэтгэл зүйд маань маш их өөрчлөлт явагдсан. Өөрийгөө удирдаж чадахгүй байгаа ч юм шиг, өөртөө итгэлгүй болсон ч юм шиг. Аав минь эмнэлгээс гарч бие нь тогтворжиход сайхан байлаа. Харин сэтгэл зүй минь нэг л тогтворгүй. Яг энэ үед өвлийн 9 хоногийн амралт надад олдсон юм. Аз юм даа. Эхний 4 хоногт аавыгаа асарч, гэр бүлдээ ч цаг гаргаж чадсангүй. Үлдсэн 5 хоногт эвдэрсэн бие энэлсэн сэтгэлээ анагаахаар албаныхаа Онцгой Жаргалан сувиллыг зорилоо. Би өөр газрыг сонгохыг ч хүсээгүй юм. Яагаад ч юм зөнгөөрөө сарын өмнө бүртгүүлсэн маань онож. Шууд очоод хэвтчихдэг урьдын Жаргалан биш болжээ. Захиалга ихтэй, үйлчлүүлэгчдийн хөлд дарагддаг газар болсон байна. Ном журмын дагуу өгөх ёстой бүх шинжилгээгээ бүрдүүлээд ковидын түргэвчилсэн шинжилгээ өгч хариугаа аваад орлоо.

  Өөдлөх айл үүднээсээ гэж, эмэгтэй удирдлагатай болоод ч тэрүү угтах үйлчилгээнээс л халуун дулаан уур амьсгал, тохь тухтай орчин, хамт олон угтаж авлаа. Т.Бадрал генералын санал санаачилга, аврагчдаа гэсэн уйгагүй хөөцөлдөгөөний үр дүнд Иргэний нисэхээс манай байгууллагад блансаар шилжиж ирсэнээс хойш олигтой засвар хийгдээгүй барилгад бараг иж бүрэн засвар хийгдэж, 5 жилийн өмнөхөөс өнгө засч, гоё болжээ. Амрах гэдэг ойлголт тун бага бидэнд. Ээлжийн амралтаа авсан учраас 5 өдөр тааваараа сайхан сувилуулж амарлаа. Сэтгэлээ чагналаа, өөрөө өөртэйгээ ярилцлаа. Сэтгэлийн амар амгалан олж, сэтгэл санаа минь тайван сайхан болов. Эмчилгээний чанар, эмч сувилагчдын зан харилцааны соёл үнэхээр бишрэм сайхан юм. Хоолны амт чанар үгээр хэлэхийн аргагүй. Дэргэдэх хүндээ амсууламгүй дээд уруулдаа хүргэмгүй гэдэг шиг. Их, бага үдийн цайнаар өгдөг нарийн боов нь аманд ороод бутрах….арааны шүлс асгарам амттай, аагтай шаргал цай, аньс нэрс, ааруул, ээзгийний шүүс, арвайн гурилтай бөмбөлөг, зөгийн балтай сүү, гүзээний хорхогтой шөл. Өдөр оройн дахин давтагдахгүй 15 нэр төрлийн /5 өдрийн/ хоол. Сэтгэл зүйн эмчилгээ, бариа засал, хөдөлгөөнт дасгал болон орчин үеийн техник аппарат хосолсон эмчилгээ сувилгаа.

 Эмх цэгц, сахилга дэг журам, алтан гарт эмч, тогооч, үйлчлэгч гээд халуун дулаан эрч хүчтэй сайхан хамт олныг манай Урнаа дарга /Тус сувилал буюу ОБЕГ-ын харьяа 113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ц.Уранчимэг болно/ маань бүрдүүлжээ. Энэ тухай хүндэт сувилуулагч бүр хоолны ширээний ард ам булаалдан ярих нь бахдалтай. Эмч сувилагч нар нь хөгшин залуу хэнийг ч ялгалгүй толгой чинь өвдөөгүй биз, даралт хэвийн үү, даарч болохгүй шүү гэж чин сэтгэлээсээ санаа тавих нь даанч сайхан. “Онцгой Жаргалант” сувилал хотоос хориодхон км газарт Богд уулын өвөрт байгалийн сайханд байдаг болохоор агаар гэж янзын. Нойрондоо муу хүн нам унтдаг боллоо. Өглөө сэрээд цонхоор харахад гоёхон байгаль сэтгэл сэргээж, цохилох зүрхэнд хүч, хөг нэмнэ. Жартай хүн дөчтэй болсон юм шиг баярламаар сайхан үйлчилгээтэй, халуун дулаан уур амьсгалтай газар бол Онцгой албаны маань Онцгой Жаргалант сувилал болжээ. Энэхүү сувилалд Онцгой байдлын алба хаагчид, гал ус руу ордог эгэл аврагчид даатгалаараа хөнгөлөлттэй хамрагдахаас гадна гэр бүлийнхнийгээ амрааж сувилуулж болдог нь үнэхээр хүнээ гэсэн зөв менежмент юм. Нэг ээлжиндээ 60, жилд 2000 орчим хүн хүлээж авах боломжтой тус төвийн үүд хаалга энгийн иргэдэд ч нээлттэй. Ковидын 2 жилийн хугацаанд тус төвийнхөн бусад эмнэлэг сувилал, эмнэлэгийн ажилтнуудын адилаар тусгаарлагдсан иргэдийг хүлээн авч хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна. Одоо хэвийн үйл ажиллагаанд шилжин ажиллаж байгаа ч үйлчлүүлэгч ихтэй тул захиалгыг хоёр сарын өмнөөс авч эхэлжээ. Гэсэн хэдий ч үйлчлүүлэгчдийн 60 хувийг аврагч, гал сөнөөгч, жолооч зэрэг бага бүрэлдэхүүн эзэлсэн хэвээр, ашиг орлого гэхээсээ энэ бодлогоо барьж ажиллаж байгаа нь үнэхээр бахархууштай. Сэтгэл засал болоод уламжлалт европ хосолсон үр дүнтэй эмчилгээ сувилгаа, найрсаг хамт олон, амттай хоол унд, тохь тухтай орчин, чанартай үйлчилгээ энд цөм бүрджээ. Эрүүл энх ажиллаж амьдрах нэгэн насны Онцгой жаргалыг эндээс мэдрэв. Сэтгэл зүйгээр эмчлэх, сэтгэлээр анагаах, сэргээн засах гэж энэ ажээ. Сэтгэл минь сэргэж, илүү их эрч хүчтэйгээр ажиллаж амьдрах хүсэл бадрав. Аз жаргал юу вэ гэвэл би сэтгэлийн амар амгалан гэж хэлнэ. Тэгээд ч энд ирж амарч сувилуулсан гадаад дотоодын гэгээнтнүүд “Богд уулын энэ ам зүгээр ч нэг хөндий бус эрүүл энх, жаргалтай амьдран суух авшиг шингэсэн” газар хэмээн айлдсан нь зүгээр ч нэг амнаасаа унагасан үг биш аж. Хан Богд ууландаа залбирч Хатан Туулаа сүслэж Олон түмнээ хүндэлж Онцгой албаа дээдлэж явья. “Онцгой Жаргалант” сувиллын хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье.

Хүндэтгэсэн: НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй

scroll to top