Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Завхан, Төв аймгийн нутгийн зарим хэсгээр ялимгүй цас орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, говийн аймгуудын нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, Их нууруудын хотгор болон нууруудын хөндийгөөр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с шороон шуурга шуурч, 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 19-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар байр байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 07:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Г-ийн 12х20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 22 дугаар авто бааз амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.       

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Х-Апартмент” хотхон хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход хогийн цэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.          

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 29 дүгээр байр Дулааны шугам сүлжээний худаг шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход дулааны шугам сүлжээний дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.    

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг дахь гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид 4км замыг туулан очиход засварын ажил хийж байгаа ажилчдын 5 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.    

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Нам даваа” гэдэг газар Иргэн А 03.13-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 03.14-ний өдрийн 18:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги, мөн тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид иргэн А /31 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 03.16-ны өдрийн 08:40 цагаас “Нам даваа” гэдэг газар 10 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:52 цагт түр зогсоосон. 03.17-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top