Мэндчилгээ

sited-Mendchilgee-A-darga.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний яруу алдарт 101 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд “Онцгой байдлын байгууллагын үе, үеийн удирдлага, ахмад үеийнхэн, хамтран зүтгэгч эрхэм генерал, офицер, ахлагчид, энхийг сахиулагч алба хаагчид аа,

Та бүгдэд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний яруу алдарт 101 жилийн ойн баярын халуун мэндчилгээг дэвшүүлэн мэндчилж байна.

Түүхэн энэ баярын өдөр Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дундаас ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Г.Бямбасүрэн “Монгол Улсын гавьяат тээвэрчин” цол хүртэж, эгэл аврагчдаас төрөн гарсан дөрөвдэх гавьяат болж байна. 

Энэхүү баярт мэдээ бол эх орноо батлан хамгаалах, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах эрхэм ариун үйл хэрэгт  бодитой хувь нэмрээ оруулсан төдийгүй гамшигтай тэмцэх үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлсээр ирсэн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, ажил үйлс, амжилт бүтээлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, төрийн хайр хишгээ хүртээж буйн томоохон илрэл бөгөөд энэхүү баярт үйл явдлыг Та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна.

Онцгой байдлын байгууллага хэмээн эр зориг, тэсвэр хатуужил, цог хийморь төгөлдөр, хүмүүнлэгийн албаар овоглосон  алба хаагч Та бүхний ариун үйлс болоод Онцгой байдлын байгууллагын эргэх цагийн хэлхээ холбоо тасралтгүй үргэлжилж, үеийн үед олон түмний бахархал дууриал байх болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэндээ болон та бүхний гэр бүлд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний яруу алдарт 101 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, ажилд тань амжилт, амьдрал тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top