Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Идэр голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр, 26-нд говь, талын нутгаар 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсанАрхангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн “Талын толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ малчин Д-ын 5 ханатай гэр, 03.20-ны өдрийн 08:00 цагийн орчимд бүрэн шатсан тухай мэдээллийг 03.22-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 03.20-ны өдрийн 12:00 цагт очиход иргэн Д-гийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатсан байсан.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Улаан-Эрэг” баг, “Хэрлэн” хорооллын 4 дүгээр гудамжны 400 тоотод /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвд/ байшин шатаж байна гэсэн мэдээллийг 03.22-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 05:10 цагт очиход иргэн Д-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 03:10 цаг ажиллан унтраасан тухай мэдээллийг тус өдрийн 09:05 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг “Бурхант-Уул” гэдэг газар өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 11:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:24 цагт очиход 0.8 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 21 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:29 цагт очиж 15 минут ажиллан унтраасан.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:53 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:03 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвд/ өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 15:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:00 цагт очиход 0,2 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 8 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 16:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:33 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голденпарк хотхоны цахилгаан дамжуулах дэд станц шатаж байна гэсэн дуудлагыг 16:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:41 цагт очиход тус хотхоны цахилгаан дамжуулах дэд станцын шугам сүлжээ шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 18:42 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 18:50 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top