“Гамшгийн эрсдэлийг даван туулах чадавх болон эрт зарлан мэдээлэх, эрт хариу арга хэмжээ авах” гурван талт төсөл хэрэгжинэ

DSC4764.jpg

 Хятад-Германы Тогтвортой хөгжлийн төвөөс зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг даван туулах чадавх болон эрт зарлан мэдээлэх, эрт хариу арга хэмжээ авах” гурван талт төслийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн тэргүүтэй төлөөлөгчид цахимаар оролцлоо.

Оролцогчид энэ үеэр Монгол улсын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг танилцууллаа.

Хятад болон Герман улс нь 2021 онд гуравдагч улс орнуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад гурван талт хамтын ажиллагааг сайжруулах, тус хоёр улсын техник технологийн туршлага, ололт амжилт, санхүүжилтийн ач холбогдлыг таниулах зорилгоор энэхүү төслийг санаачлан Монгол, Лаос, Камбож улстай хамтран хэрэгжүүлэхээр болсон юм.

     Төсөл нь гамшгийн эрсдэлийг үр дүнтэй бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гамшгийг тэвсэрлэх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Төслийн үйл ажиллагааг “Уур амьсгалын эрсдэл ба тэсвэрлэх чадавх төсөл”, “Swiss Re болон Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага”-ын хамтран хэрэгжүүлж байгаа “Төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны төсөл”-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top