Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Дорнод, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Баянхонгор аймгийн Бууцагаан, Жинст, Баян-Өндөр, Гурванбулаг, Баянцагаан, Баянговь сумдад салхины хурд 12-22 м/с хүрч шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 7-12 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд нутгийн өмнөд хэсгээр, 26-нд говь, талын нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр, 28-нд нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөрт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 03.23-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан очиход 2 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 10 дугаар гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 12:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 28 км замыг туулан очиход иргэн Х-ын хашаанд хураалттай 2250 боодол /45 тн/ өвс шатаж байсныг 4 цаг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Их-Амны задгайд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан очиход иргэн О-ийн хашаанд 4 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн “Онон” хорооллын 7 дугаар гудамжинд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 250 метр замыг туулан очиход иргэн Т-ийн 4х3 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр, доторх эд зүйлсийн хамт шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх 1 дүгээр багийн “Хүйтэн бууц гэдэг” газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км, сумын төвөөс зүүн урд 15 км Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 15 км замыг туулан очиход малчин О-ын 4 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) “Билгэх” багийн Баруунсуу 2 баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиж иргэн Д-ын Тоёота Раум” загварын суудлын автомашины шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан. Дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 18:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн А-ын 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт 2 дугаар багийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 21:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 2х4 метрийн хэмжээтэй байшин, 10 метр хашаа, иргэн Г-ын 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн “УБ Транс” ХХК-ийн хашааны гадна талд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Э-ийн “Норд бенз” загварын ачааны автомашины бүхээгний хэсэг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн “Дарьт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 235 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/, Түймрийн солбицол: 48°55’1.13”N 106°37’13.31”E Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.23-ны өдрийн 16:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиж 45 минут ажиллаж 18:00 цагт цурамд оруулан мөн өдрийн 18:30 цагт бүрэн унтраасан. Түймэрт нийт хээрийн 4.5 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top