Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-тэсэлгээчин, нохой хөтлөгч, ахлах ахлагч У.Баатархүүг урьсан юм.
Тэрбээр Онцгой байдлын албанд 16 дахь жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн ажиллах хугацаандаа давхардсан тоогоор 1079 удаагийн томилгоот ээлжинд үүрэг гүйцэтгэн, гамшигт үзэгдлийн 169 удаагийн дуудлагаар ажиллан 2458 хүний амь нас, 3500 гаруй толгой малыг цасан болон шороон шуурганд уруудахаас хамгаалсан. 2020 онд 18 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 36 хүний амь насыг аварч, 150 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, 4 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Хулд сумын “Ар цагаан” гэдэг газрын “Баян булаг” нөхөрлөлийн жоншны уурхайн 20 метрийн гүнд дарагдсан цогцсыг гаргаж, Сайнцагаан суманд алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэлч нохойн хамтаар гүйцэтгэж, 81 настай иргэний амь насыг нь авран хамгаалсан гэсэн амжилтаар 2020 оны Онцгой байдлын байгууллагын “Онцгой гавьяа байгуулсан алба хаагч”-ийн нэгээр шалгарч байсан манай тэргүүний алба хаагчдын нэг билээ.
-Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын алба эрэлч нохойг сурган үйл ажиллагаандаа ашиглах болж, нохой хөтлөгч гэдэг шинэ мэргэжлийг алба хаагчид маань эзэмших болсон. Та тэдгээр алба хаагчдын нэг. Өөрийн хүслээр энэ мэргэжлийг сонгов уу, эсвэл томилогдов уу?
-Энэ сургалтад явья гэж санал өгөөд явсан. Тэгээд Жакс дуудлагатай нохойтойгоо сургалтад хамрагдаж ирээд, үүрэг гүйцэтгэж байна. Одоо бол нохойтойгоо эрэн хайх ажиллагааны бэлтгэл бэлэн байдлыг хангах сургалтыг өдөр бүр хийж байна. Сургалтадаа эрэлч нохой сургахад хэрэглэгддэг гүүр, дүүжин гүүр, мөлхдөг тор, харайлтын цагираг, сүлждэг туг, урт богино хөтөлгөө, чээжэвч, оосортой оосоргүй бөмбөг, опорт зэрэг багаж, төхөөрөмжийг хийгээд ашиглаж байна.
-Өдөр бүр сургалт хийхгүй бол нохой чинь сурсан зүйлээ мартчих тохиолдол байх уу?
-Байна шүү дээ. Дасгал, сургуулилт хийж байхгүй бол мартана. Хүмүүсийн ярьдгаар зэвэрнэ/инээв/.
-Жакс та хоёр хамгийн анхны дуудлагаараа 81 настай иргэний амь насыг аварсан амжилттай юм билээ?
-81 настай иргэн гэрээсээ гараад сураггүй болсон гэсэн дуудлагаар очиж, мөрөөр нь явсаар тухайн хүнийг жаахан осголтын байдалтай олсон. Нохой үнэрийг их холоос ялгадгаараа давуу талтай л даа. Ер нь 400 гаруй үнэр ялгах чадвартай амьтан шүү дээ.
-Ингэхэд хүүхэд насны тань мөрөөдөл юу байв. Мөрөөдлөө биелүүлж амьдарч байна уу, эсвэл…?
-Хүүхэд байхдаа мундаг уяач болно гэж боддог байлаа. Аймгийн төвөөс хойш Наран бригад гэдэг газар аав, ээж, эмээ өвөөтэйгөө бага насаа өнгөрөөсөн. Аав, ээж маань намайг сургуульд ороход аймгийн төвд орж ирсэн юм. Би чинь айлын том хүү. Дороо гурван дүүтэй. Өвөө маань нэгдлийн адуу малладаг, харин аав маань морь уядаг, сумын алдарт уяач хүн байсан юм. Аавын маань хоёр дүү бас морь уяна. Тийм болохоор л уяач болно гэж мөрөөддөг байсан хэрэг л дээ. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хөдөө гараагүй, аймгийн төвдөө үлдсэн. 10 дугаар ангиа төгсөөд Цагдаагийн сургуульд орсон ч гурван сар сураад нутагтаа ирчихээд дахиж яваагүй.
-Уяач болох мөрөөдөлтэй, Цагдаагийн сургуулиа орхисон залуу тэгээд яаж яваад Онцгой байдлын албанд орчихсон юм бэ?
-Онцгой байдлын байгууллагын ах нар их сайхан харагддаг байлаа. Бас манайхны нэг ахын хүү энэ албанд орчихсон, дүрэмт хувцастай явж байгаа нь их сайхан харагдана. Тэгээд л Онцгой байдлын албанд шалгалт авах гэж байгааг сонсоод шалгалт өгч тэнцээд албандаа орсон доо.
-Хөндлөнгөөс харахад сайхан ч дотор нь ороод ажиллахад амаргүй алба шүү. Харин өөрт чинь ямар санагдаж байв?
-Сайхан шүү дээ, манай алба. Хүний тэвчээр хатуужил, зориг, авхаалж самбааг шалгасан сайхан алба гэж боддог доо.
-Яг үүнээс чинь л хүмүүс шантраад гараад явчихдаг юм биш үү?
-Ах нар, багш нарынхаа зааж сургасныг сайн сураад, хэлж ярьсныг нь мөрдөөд явах юм бол нэг их шантраад байх юм байхгүй дээ. Ах нар өмнөх үеийн ах нараасаа сурсан, суралцсан байдаг. Бид тэднээсээ суралцаад л явж байна.
-Би юунд ороод ирчихэв ээ гэж ерөөсөө бодож байгаагүй юу?
-Естой тэгж бодож байгаагүй. Харин ч төрийн энэ сайхан албанд орсондоо баярлаж, бахархаж явдаг.
-Шинэ орж ирсэн залуусыг хуучин хүмүүст дагалдуулж сургадаг уламжлал байсан. Таны үед ч мөн адил уу?
-Адил адил. Би анх ахлах ахлагч Уламбаяр гэдэг хүний гар дээр ирж байлаа. Одоо бурхан болчихсон л доо. Тэр хүн 3-р салааны нэгийн ноймероор удаан жил ажилласан хүн байсан юм. Их ч юм заалгасан. Дагалдан хийж явсаар албандаа жинхэлсэн. Тэр үед доод тал нь зургаан сар дагалдангаар ажиллуулдаг байлаа.
-Анхны дуудлагад очоод ямар мэдрэмж авч байснаа одоо санах юм уу?
–Айлын гэр шатаж байгаа дуудлагад дөрвийн ноймероор очиж байсан юм. Дадлага сургууль хийгээд, бэлтгэл бэлэн байдал хангаж байсан хэрнээ анх хонх тачигнаад, дуудлагад гарахад сандардаг л юм билээ. Хонхон дуунаар хувцсаа өмсөхөд гутлынхаа хажуугаар гишгэж ч байх шиг… Ер нь тэр өдөртөө л дотор сонин түгшүүртэй өнгөрсөн. Олон жил ажиллаад ирэхээр сүүлдээ туршлагажаад, суралцаад, сандрах юмгүй болчихдог юм даа.
-Сүүлийн үед залуус шантрах нь их байх шиг…?
-Би чинь одоо айхтар хөгширчихсөн хүн биш шүү дээ. Гэхдээ сүүлд орж ирж байгаа залуучуудыг харахаар хүнээс үг сонсохдоо жаахан тиймэрхүү, хатуужил муу, шантрах талтай л харагдах юм. Муу ч үгүй арав гаруй жил ажиллачихсан юм болохоороо дүү нарт юм хэлэхээр хувьсгээд уурлаж байгаа дүр харагдаж л байдаг. Бидний үед ч ах нар юм хэлнэ, бид авахыг нь аваад, хаяхыг нь хаяж гүйсээр өдий зэрэгт хүрсэн дээ. Ер нь тэгээд олон хүний дунд янз бүрийн нь л хүн байдаг хойно доо.
-16 жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд та өөрийгөө хэр туршлагажиж, мэргэшсэн гэж боддог вэ?
–Тийм төгс мэргэшчихсэн гэж бодохгүй байна. Одоо ч суралцсаар л явна. Яагаад гэвэл гамшиг, осолд ам гарч болохгүй. Гэхдээ ямарч үед өөрийн хийх ёстойгоо хийчихнэ. Олон жил уралдсан морь өөрийгөө сойдог гэдэг шиг өөрийнхөө мэдлэг чаддагийг бол хүний дор орохгүй хийчихнэ ээ.
-Анх таныг ажилд орж байсан үеийг бодвол албаны цар хүрээ ч өргөжиж, тэр хэрээр үүрэг хариуцлага нэмэгдэж байна. Бас гамшиг ослын тохиолдол ч нэмэгдээд байгаа санагддаг?
–Ажиллах орчин нөхцөл, багаж техник эрс өөр болсон шүү дээ. Мөн таны хэлдгээр гамшиг осол, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй осол аваар улам л нэмэгдээд байна. Тухайлбал, зам харуй сайжирснаас болоод авто аваар гарах нь ихэсч байна. Залуучууд их давхих юм.
Манай газрын хувьд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг их сайн хийдэг. Телевиз, радио, олон нийтийн сүлжээ, масс мэссэж гээд төрөл бүрийн хэлбэрээр өргөн хүрээнд урьдчилсан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэдэг. Гэтэл анхааруулаад байхад л цасан шуурганаар замд гараад энд тэнд очоод төөрчих, цасанд суучих тохиолдлууд гарсаар л байх юм.
-Тэгвэл сэтгэлээс гардаггүй дуудлага байна уу?
–Одоогоос дөрөв, таван жилийн өмнө юмуу даа, Луус сумын наана пронтер машин “470”-тай мөргөлдсөн осол гарсан байсан. Тэр санаанаас ер гардаггүй юм. Пронтер машин нь ганцхан хүнтэй. Тэр хүн машинтайгаа эвхэгдээд, базагдчихсан гэмээр болчихсон байсныг бид гаргасан юм.
-Говийн аймгийн нэг онцлог нь хээрийн түймэр бараг гардаггүй. Тэгэхээр ой, хээрийн түймэрт явж үзээгүй гэж хэлж болох уу?
–Үнэндээ объектын түймрийн дуудлага голчилно. Мөн мал гоц халдварт өвчний постод удаан хугацаагаар үүрэг гүйцэтгэх тохиолдол их. Салхи, шуурга гэх мэт байгалийн гамшгууд тохиолдоно. Харин таны хэлдгээр хээрийн түймэр бол байхгүй. Гэхдээ 2018 онд Сэлэнгэ аймгийн нутагт гарсан ойн түймэрт хүч нэмэгдүүлж очиж ажиллаж байсан. Анх ойн түймрийг хараад сүрдсэн шүү. Тэгээд туршлагатай бусад аврагч нартайгаа нийлээд, хамтраад унтраах ажилдаа орсон доо.
-Иймэрхүү дуудлагаар олон хоногоор явахад яалт ч үгүй найдвартай ар талыг батлан даагч нь гэргий нар байдаг. Тиймээс бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу. Гэргийтэйгээ хэзээ анх танилцаж байв?
–Бид хоёр 2011 онд танилцаад, ханилсан. Одоо хоёр хүүхэдтэй. Гэргий маань хүүхдийн дотуур байрны тогооч хийдэг юм. Ажлыг маань ойлгож, арыг маань сайн даана шүү. Тэгээд ч ажил төрлөөсөө хоцорчихвий гэхээс дандаа орхиж явах төвөгтэй юм гэж байсан удаагүй.
-Ер нь Онцгой байдлын албанд анх орох шийдвэрийг аав ээж тань яаж хүлээж авч байсан бэ?
–Сайхан албанд орлоо, хичээж ажиллаарай л гэсэн.
-Анх ажлын талбарт гарахад ч юм уу, аль эсвэл амьдралын дунд уулзаж учирсан сайхан хүмүүсийн хэлсэн үг санаанаас гарахгүй насан туршид бодогдоод явах нь бий. Танд тийм бодож явдаг үг байдаг уу?
–Аавын маань нэг дүүгийн нөхөр нь Монгол Улсын манлай уяач Д.Эрдэнэчулуун гэж хүн бий.
-Луус сумын уу?
–Тийм. Бид жаахан байхдаа тэднийхээр их очно. Тэгэхэд “Овилгогүй бол архи битгий уу, Орлогогүй бол тамхи бүү тат” гэж хэлдэг байсан. Тэр үг л ерөөсөө санаанаас гардаггүй. Мундаг хэлсэн үг шүү.
-Олон хүнд хэлж өгмөөр үг юм. Ингэхэд та бас энхийн дэмжих ажиллагаанд явсан гэсэн. Энэ жил Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Тэгэхээр энэ талаарх дурсамжаасаа хуваалцахгүй юу?
–2016 онд явж байсан юм. Тэндхийн хүн амьтныг харах үнэхээр өрөвдмөөр шүү дээ. Зурагтаар Африкийн тухай өрөвдөлтэй юмнууд их гардаг даа. Яг тэр өрөвдөлтэй амьдрал чинь тэнд бий. Гэхдээ тэндхийн хүмүүс монголчуудад их сайн. Өөдөөс монголоор ярина шүү дээ. Бид Суданд энхийг сахиулахаар очсон 10 дахь ээлж байсан.
Анх энэ улсыг байгуулагдахад л энхийг сахиулагчид нь монгол цэргүүд очсон болохоор тийм байдаг ч байж магадгүй юм. Хүүхдүүд нь юмыг их амархан сурна. Өнөөдөр нэг бадаг дуу зааж өгөөд явууллаа гэхэд маргааш өглөө нь өөдөөс дуулаад л гүйгээд ирнэ шүү дээ.
-Та тэнд ямар үүрэг гүйцэтгэж байв?
–Дүрвэгсэдийн хуарангийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Биднийг очиход тэр хуаранд 100 гаруй мянган хүн байгаа гэж байсан. Харин буцахад 130-аад мянга орчим болсон байсан.
Дүрвэгчид хаалгагүй газраар давж хуаран руу орох гэж үзнэ. Тэднийг оруулахгүй байх үүрэгтэй. Мөн зэвсэгтэй хүн хуаранд нэвтрүүлж болохгүй гээд байнгын хараа хяналттай байх ёстой.
-Хамгийн хүндрэлтэй зүйл юу байв?
–Ер нь тэнд очсон хүн юм юм л бодохоор шүү. Анхаарал болгоомжтой байх ёстой. Хорхой шавж нь хүртэл хортой. Хамгийн хүндрэлтэй зүйл нь бослого үймээн гарах. 24 цаг зогсоогоороо хонох тохиолдол гарч л байсан.
-Та нартай өөр ямар орны цэргүүд үүрэг гүйцэтгэж байсан бэ?
–Манай баазад Ганын баталион байсан. Мөн хажууханд АНУ-ын инженерийн рот байсан. Гэхдээ их сонин шүү. Бослого үймээн гарахаар гадаадын цэргүүд хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихно. Монголчууд л зогсоод үлдэнэ. Тэгээд үймээн самуун дарагдсаны дараа нэг их сүртэй нөхдүүд давхилдаад ирнэ. Ер нь ажиглаад байхад манай цэргүүдийн дасан зохицож байгаа байдал, аливааг хийж байгаа нь хүртэл шал өөр харагддаг юм.
-Энхийн дэмжих ажиллагаанд оролцсон хүмүүсийн хувьд “Манай орон шиг сайхан орон хаана ч байхгүй” гэж бараг л нэг дуугаар хэлдэг?
–Үнэхээр тэгж бодогдсон шүү. Ямар азаар Монгол оронд төрчихөө вэ гэж боддог. Эх орноо ч нэлээд санасан. Монгол Улс руугаа явна гээд онгоц хүлээж байгаа сүүлийн 3 хоног өнгөрч өгөхгүй зовоож байгаа юм чинь.
-Тийм бол одоо дахиад яв гэвэл?
–Явна аа. Боломж олдвол дахиад нэг явчихсан гэсэн бодол байгаа шүү.
Энэ завшааныг ашиглаад Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон нийт цэрэг дайчиддаа 20 жилийн ойн мэндийг хүргэе. Онцгой байдлын байгууллагын яруу алдар мөнхөд мандан бадрах болтугай.
-Баярлалаа.
Эх сурвалж: Онцгой мэдээ сонин