Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн зарим хэсгээр ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 31-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04.01-ний өдөр говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар 6-11 м/с, 30-ны өдөр Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 04.01-ний өдрөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Малчны гудамжинд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 16:16 цагт очиход “Би-Си портнерс” ХХК-ийн 20 тн чингэлэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг дахь шатахуун түгээх станцын 4 дүгээр салбар Түгээгчийн амралтын байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 20:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хааэгчид 0.8 км замыг туулан очиход тус шатахуун түгээх станцын түгээгчийн амралтын байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн задгай /аймгийн төвөөс зүүн зүгт 138 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 22 км-т, багийн төвд/ Малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 22 км замыг туулан очиход иргэн П-ын 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг 09 минут ажиллаж унтраасан. (Гал түймэрт 7 ишиг, 6 хурга, нийт 13 бог мал хорогдсон.)

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top