Нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах Түр орон байраар хангах албанд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа.
Бэлэн байдлын үзлэгт нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Боловсролын газар, Аялал, жуулчлалын газрын томилгоот бүрэлдэхүүнийг хамруулж, бэлтгэл, бэлэн байдлыг хангасан юм.
Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар “Энэхүү бэлэн байдлын үзлэгээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн хүрээнд хяналт, үзлэгийг хийнэ. Түүнчлэн ерөнхий боловсролын 34, 75 дугаар сургуульд түр орон байрны үзлэг хийж, бэлэн байдлын үзлэгийн дүнг гаргах юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн гамшиг болсон тохиолдолд цугларах 182 түр талбай байна. Эдгээр талбайг томилгоожуулснаас гадна түр орон байраар ашиглах боломжтой объектуудыг судалж байна. Аливаа гамшиг болоход арга хэмжээ авах мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллага бэлэн байдлаа хэрхэн хангаж байгааг шалган, тухайн үзлэгийг хийлээ” гэлээ.
Ингэснээр Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын гамшгийн үед үзүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгох, үйл ажиллагааг идэвхжүүлэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.