Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Өмнөговь аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, зөөлөн шороон шуурга шуурна, 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4 дүгээр сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 3-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар 6-11 м/с, 04 дүгээр сарын 03-нд тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтэн байх боловч 04 дүгээр сарын 01-нээс нийт нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Монел”-ийн 24 дүгээр гудамжинд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 12:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан очиход эзэнгүй хашаанд өнжмөл өвс шатсаны улмаас иргэн О-ын 2х3, 3х3 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Б-ын 8х16 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 4 ханатай гэр тус тус шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны “Задгай”-д /Өргөө кино театрын хойно/ Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 12:59 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход хогийн цэгт хог шатаж галын дөлд “Хайлүкс” загварын суудлын автомашин өртөн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Дээд салхит”-ын 30 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 13:49 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн А-ийн “BMW Х-3” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.    

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан багийн 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 13:57 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Цэргийн хотхон”-ы 554 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн Н-ын 5 ханатай гэр, хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны “Задгай”-д хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны “Хужирбулан” амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 16:42 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан очиход иргэн Г-ийн 4×2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны “Зээл”-ийн 18 дугаар гудамжинд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 18:26 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан очиход иргэн Г-ийн хураалттай мод шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн “Шивэрт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 34 км, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 19:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 34 км зам туулан очиход иргэн Б-ын 5х5 метрийн хэмжээтэй 2 байшин шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны “Задгай”-д /Геологийн төв лабораторийн зүүн талд/ Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 20:56 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн Ү-ийн “Ландкрузер Прадо-95” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хөх сэрх багийн “Түвшин нуур” гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ Тус сумын харьяат иргэн С 03.29-ний өдрийн 09:00 цагт ус авахаар мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 04:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн С /46 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 05:12 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06:00 цагт тус багийн “Хөх сэрх” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 4 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.     

Мөс цөмөрсөн: Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн “Бураатайн сайр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ Хархираа голын мөс цөмөрч бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 50 км зам туулан очиход Увс аймгийн Ховд сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан иргэн П-ийн “Пронтер” загварын ачааны автомашин мөс цөмөрч усанд суусан байсныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top