Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар 6-11 м/с, 9, 10-ны өдөр нутгийн зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. 9, 10-ны өдөр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 34 дүгээр хороо, Улаан толгойн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 09:37 цагт очиход иргэн С-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан 09:54 цагт очиж, 23 минут ажилласан.  

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:55 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, дотор нь хураалгаатай 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.     

Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 3 дугаар хороо, Замчны 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан.      

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 19:49 цагт очиход иргэн С-ийн 1.5 метрийн урттай хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 6 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 20:19 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 20:32 цагт очиход тус байрны гадна хогийн цэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Төв аймаг, Баян сум. Өгөөмөр баг, автозамын 121 дүгээр тэмдэгтийн орчим ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 43 км замыг туулан 23:13 цагт очиход иргэн Б-ы “Фусо” загварын ачааны автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймаг, Эрдэнэдалай сум. Далай багийн 6 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 13:51 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан 13:54 цагт очиход иргэн Б-ын 5 тн өвс шатаж байсныг 1 цаг 46 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймаг, Баян-Овоо сум. Цэцэн багийн “Самбартай хөтөл“ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т/ Баянхонгор аймгийн Галуут сумаас Баянхонгор сумын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 22:24 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 22:54 цагт очиход иргэн Б-ийн жолоодож явсан “Бонго-3” загварын ачааны автомашин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Цагаан-Овоо сум. Баянгол багийн “Баян булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ 4 ханатай гэр 04.05-ны өдрийн 21:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 22:58 цагт хүлээн авсан.

Тус сумын харьяат малчин Т-ийн 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.   

Ой, хээрийн түймэр: Дорнод аймаг, Матад сум. Жаргалант багийн “Үет тогоо” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд мөн өдрийн 21:20 цагт унтрааж, Жаргалант багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. (Түймэрт урьдчилсан байдлаар 5200 га орчим талбай шатсан)

Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Баян даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 122 км-т, сумын төвөөс хойд зүгт 55 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид, Номгон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 18:48 цагт түймрийг унтрааж, Номгон багийн Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. (Түймэрт урьдчилсан байдлаар 20 га орчим талбай шатсан)

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Орхон аймаг, Баян-Өндөр сум. Баянцагаан баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн урд тал дахь автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 01:17 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 01:21 цагт очиход “Королла” загварын автомашин, “Даюун 325ОРА” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, “Королла” загварын суудлын автомашины жолооч Б /55 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хүлээлгэн өгсөн.

4.Бусад:

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Жинст багийн 13 дугаар байранд айлын хаалга онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 04.05-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 23:12 цагт очиж, тус байранд оршин суугч иргэн Ц /бага, насны хүүхэдтэй байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, галын аюул гарч болзошгүй байсан/-ын байрны хаалгыг онгойлгож, Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

5.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Шороон шуурга: Сүхбаатар аймаг, Уулбаян сум. Тэгш багийн “Өнцөг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ 04.04-ний өдрийн 16:00 цагийн орчим 28 м/с хүртэл түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 04.05-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан.

Шуурганд малчин Б-ийн 4 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээлллийг тухайн малчин аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top