ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, албанд ашиглагдаж байгаа техник, хэрэгсэлтэй танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.
Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид он гарсаар 35 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн 370 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Гамшгаас хамгаалах 108 удаагийн сургалтыг хийж, 1804 иргэнийг хамруулсан бол галын аюулаас урьдчилан сэргийлэх 21 удаагийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 5458 айл өрхийн 17737 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.
Алба хаагчдын ажил, мэргэжлийг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд офицер бүрэлдэхүүний заах аргын сургалт, хүйтний улиралд гүний усны сургалт, эмнэлгийн зааварлагч бэлтгэх сургалт, дуудлага хүлээн авагч, жолооч холбоочин нарын тус тус сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 362 алба хаагчийг хамруулжээ.
Мөн сахилга, ёсзүйн зөвлөгөөнийг зохион байгуулж, 2022 онд “Хэлсэн үгэндээ эзэн болж, амалсан амлалтаа биелүүлье” уриаг дэвшүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн 2022 онд Онцгой байдлын газрын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэх, усны сургалтын төвийн талбай шинээр байгуулах, “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дуут дохиог нэгдсэн удирдлагад оруулах өргөжүүлэх” төслийг хэрэгжүүлж, ашиглалтад оруулах зэрэг томоохон ажлуудын хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг онцлон танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.