Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан-Уул Завхан, Орхон, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймгуудад цас, бороо орсон. Ховд аймгийн Жаргалант, Зэрэг, Мөст суманд 20-24 м/сек, Баян-Өлгий аймгийн Өлгий, Цэнгэл, Булган суманд 8-10 м/сек, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Бугат, Чандмань, Төгрөг, Тонхил, Дарви суманд 22-25 м/сек, Баянхонгор аймгийн Шинэжинст, Богд, Баянговь, Галуут, Эрдэнэцогт суманд 18-26 м/сек хүрч шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Өнөөдөр Сэлэнгийн зүүн, Төв аймгийн баруун, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна. Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо, нойтон цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 26-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Амартүвшин хотхоны 101 дүгээр байр хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 20:48 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн “Одкон хотхон”-ны 1 дүгээр байранд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 06:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Ц-ийн 7х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Ногоочдын хашаа 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 14:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан очиход иргэн Х-ийн 3х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Шаргалжуут тосгон 8 дугаар багийн Рашаантын 5 гудамжинд/аймгийн төвөөс зүүн хойд зүгт 64 зүгт км/ амбаар, байшингийн дээврийн хэсэг 15:15 цагийн үед шатсан тухай мэдээллийг 04.24-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Ц-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг бүрэн унтраасан.

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Дэлсэн хонхор 4 дүгээр багийн “Бэлгэх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 68 км, сумаас урд зүгт 20 км/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 68 км замыг туулан очиход малчин Б-ийн 5 ханатай гэр, 8х6 метрийн хэмжээтэй малын саравч, 1 мотоцикль шатаж байсныг унтраасан.

Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар баг 3 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 00:18 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 69 км замыг туулан очиход тус сумын 2 дугаар багийн иргэн У-ын эзэмшлийн 12×12 метрийн хэмжээтэй 3 давхар байшин шатаж байсныг унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн “Оройн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 147 км, сумын төвөөс зүүн зүгт 13 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 14:04 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд 2 га хээрийн талбай шатаж байсныг 35 минут ажиллаж бүрэн унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт 3 дугаар багийн ”Хайрхан-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 83 км, сумын төвөөс хойд зүгт 8 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 14:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход 2 га ой, хээрийн талбай шатаж байсныг 16:33 цагт цурманд оруулж, 17:40 цагт бүрэн унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Их тостын-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн 0311 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 3 га орчим газар ой, хээрийн талбай шатаж байсныг мөн өдрийн 18:16 цагт гал түймрийн тархалтыг зогсоож цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн Цагаан булаг хорооллын задгайд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 318 км, сумын төвд/ 04.24-ний өдрийн 16:00 цагийн үед иргэн Б гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.24-ний 23:45 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 04.20-ны өдрийн 17:00 цагаас эхлэн иргэн Б /34 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

5. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

 Хүчтэй салхи шуурга: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Сумын төв /аймгийн төвөөс баруун хойд зүгт 148 км/-д Хүчтэй шороон шуурга шуурч гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг 04.24-ний өдрийн 20:35 цагт хүлээн авсан. 04.24-ний өдрийн 15:30 цагийн үед 22-25 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас сумын Засаг даргын Тамгын газрын 200 м2 өвсний складны дээвэр, бага, дунд 2 сургуулийн дээвэр, 3 айлын 5 ханатай гэр, 1 айлын 4 ханатай гэр нурж, 6 айлын байшин, 1 цайны газар, 2 гарааш, 1 дэлгүүрийн дээвэр хууларч, мөн сумын төвөөс баруун урд зүгт 72 км-т Бор булагийн Улсын нөөцийн цэгийн дээвэр хууларч, өндөр хүчдэлийн 3 шон хугарсан. Нийт 2 сургууль, 7 байшин, 2 гараашийн дээвэр хууларч, 4 айлын гэр нурж, 3 шон унасан.

Салхи, шуурга – Шороон шуурга: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэмжит байгийн Ур нарийн гэдэг газар /аймгийн зүүн хойд зүгт 40 км, сумын төвөөс баруун хойд 10 км/-т, Галуут сумын Хайрхан багийн Бүхэгийн гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/ Хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 2 гэр нурсан тухай мэдээллийг 04.24-ний өдрийн 21:45 цагт хүлээн авсан. 04.24-ний өдрийн 16:00 цагийн үед 18-20 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г-ийн 5 ханатай 1 гэр, М-ын 5 ханатай 1 гэр, Г-ийн 4 ханатай 1 гэр тус тус нурсан.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн “Хулгар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 189 км, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/ Хүчтэй шороон шуурга шуурч гэр нурсан тухай мэдээллийг 04.24-ний өдрийн 20:40 цагт хүлээн авсан. 04.24-ний өдрийн 19:00 цагийн үед 22-25 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Б, О нарын 5 ханатай 2 гэр нурсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top