Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 9-14 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с-ийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 25-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 26-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Булган сумын Өндөрхошуу баг /аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвд/ Иргэн М-ын 40 тн ногоон тэжээл 04.22-ны өдрийн 22:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 04.23-ны өдрийн 07:57 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийг бүрэн унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхжин худалдааны төв хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 10:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 1 дүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 10:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн М-ын 8 тн өвс шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 12:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Ч-ын 20х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 43 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 13:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход эзэнгүй айлын 40 метр орчим хашаа, 0.3 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал баг “Уйлант” 4 дүгээр гудамжинд иргэн Д-ын 4х5 метрийн хэмжээтэй зоорь 04.23-ны өдрийн 13:58 цагт шатсан тухай мэдээллийг 14:05 цагт хүлээн авсан. Тус сумын тээврийн Цагдаагийн байцаагчаар ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан гэсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 35 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 14:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Д-ийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар, 10 метр орчим хашаа, 1 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Хэрлэн 1 дүгээр сургууль Барилгын урд хэсэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид очиход баригдаж байгаа 12х24 хэмжээтэй сургуулийн барилгын зүүн хана, гадна /пасад/ дулаалгын хөөс шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 15:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Аван хөх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 415 км, сумын төвөөс баруун хойд зүгт 15 км/-т Айлын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход иргэн Б-ийн малын бууц шатаж байсныг унтраасан. /Замын бартаа ихтэй. /

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Буурлын 6 дугаар гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 23.5 км замыг туулан очиход 0.6 га газарт өнжмөл шар өвс, хураалттай 2 м3 банз шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 4 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн С-ийн 10х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 490 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Матад суманд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж 04.21-ний өдрийн 05:38 цагт цурманд оруулсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал баг “Үйзэн” гэдэг газар / аймгийн төвөөс баруун зүгт 26 км, сумын төвөөс урд зүгт 22 км-т/ 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 07:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 26 км замыг туулан очиход Арвайхээр сумаас Хайрхандулаан сум руу зорчиж явсан иргэн Ё-ийн “Портер” загварын автомашин /4 зорчигчтой/, Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн С-ын “Марк-Х” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/-тай мөргөлдөж,  “Портер” загварын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан Ё /32 настай, эрэгтэй/ З /32 настай, эмэгтэй/, Б /1 настай, эрэгтэй хүүхэд/-ийг эсэн мэнд гаргаж, бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Марк-Х” загварын автомашинд зорчиж явсан Р/26 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 30 минут ажиллан гаргаж, аймгийн замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top