Нигерид газрын тос боловсруулах хууль бус үйлдвэр дэлбэрснээс 100 гаруй хүний амь үрэгджээ

nags8s_nigeria_oil_illegal_production_x974.jpg

Бямба гарагийн шөнө Нигери улсын Имо муж дахь газрын тос боловсруулах хууль бус үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 100 гаруй хүний амь үрэгджээ.

Хохирогчдын цогцос танигдахын аргагүй болтлоо шатсан байсныг орон нутгийн захиргаа мэдээлсэн байна.

Ажилгүйдэл, ядуурал газар авсан Нигерид түүхий газрын тос хулгайгаар боловсруулах бизнес ашигтай боловч аюултайд тооцогддог.

Тэд Нигерийн томоохон компаниудын дамжуулах хоолойгоос түүхий газрын тос хулгайлах замаар үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Хулгайн үйлдвэрлэлийн улмаас олон хүний амь нас эрсэдсэн осол их гардгаас гадна байгаль орчныг асар их бохирдуулдаг. Газрын тос олборлодог бүс нутгийн тариалангийн талбай, гол нуурууд асар их бохирдолтой байдаг нь хулгайн үйлдвэрлэлтэй холбоотой юм.

Дэлбэрэлт болох үеэр хулгайн үйлдвэрээс газрын тос авахаар хэд, хэдэн том оврын автомашин дугаарлаад байжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард тус бүс нутгийн бас нэг хулгайн үйлдвэрт гал гарахад 25 хүний амь үрэгдэж байв.

Энэ оны хоёрдугаар сард орон нутгийн эрх баригчид хулгайн үйлдвэрүүдийг илрүүлэх, хаах ажиллагааг эхлүүлсэн ч үр дүн муутай байна.

Нигери улс нь Африк тивийн хамгийн том газрын тос олборлогч, экспортлогч бөгөөд өдөрт дунджаар 200,000 баррель газрын тос хулгайд алддаг гэсэн тоо бий. Энэ нь нийт олборлолтынх нь 10 гаруй хувь болдог байна.

Эх сурвалж: Reuters

scroll to top