Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал:  28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар 7-12 м/с, 30-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтгээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. 

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан:Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн “Тээл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 45 км, сумын төвөөс урд зүгт 10 км-т/ 04.26-ны өдрийн 07:00 цагт малчин Т-ын 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 10:00 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Т-ын 2 гэр шатсан уг гал түймэрт иргэн Б /55 настай, эрэгтэй/, Г/17 настай, эрэгтэй/ нар өртөж түлэгдсэн тухай мэдээллийг 09:30 цагт тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 19 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 07:18 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн Д-ийн 4 ханатай шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Өлзийт”-ийн 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 21 км зам туулан очиход иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж дууссан байсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Хоршоолол”-ын 4 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 09:57 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан очиход иргэн Д-ын 40х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны “Задгай” /Ривер стоун хотхоны зүүн талд/ Дулааны шугамын худагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 12:36 цагт хүлээн авсан.  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан очиж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 8 дугаар байранд орон сууцны байрны өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан.   Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Т-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байсныг унтраасан.   

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны “Задгай” /Дархан төвийн урд талд/ дугуй засварын гадна дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн Э-ийн дугуй засварын хажууд хаягдал дугуй шатаж байсныг унтраасан.   

Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн “Цагааннуур” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 23 км-т/ ачааны автомашины чиргүүлийн дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 23:33 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 23 км зам туулан очиход Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын “Актросс” загварын зүтгүүрийн чиргүүлийн хойд дугуй шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Их дарь-Эх”-ийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 03:59 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан очиход иргэн Б-ийн 7х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, галлагааны өрөө тус тус шатаж байсныг унтраасан.

Орхон аймгийн Жаргалант сумын Төмөр зам хорооллын “Задгай” Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 03:45 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан, очиход иргэн Э-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байсныг унтраасан.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км, сумын төвөөс зүүн зүгт 35км-т/ автобус авто замын хажуу руу онхолдож 1 хүн нас барсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 35 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож 1 хүн автобусанд дарагдаж нас барсан тул цогцсыг гаргахаар ажиллаж байна.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top