Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна. Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 5 дугаар сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 30-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 град Хохирол: ус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Дархан түлээт” гэдэг газрын “Хөх” уулын арын энгэрт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 10 км/-т өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг тууланочиход 1.5 га газрын өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 4 дүгээр гудамж хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 20:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км, сумын төвөөс баруун зүгт 125 км/-т Гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 03:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Амуу тариа” ХХК-ийн эзэмшлийн 5 ханатай гэр 04.29-ний өдрийн 02:10 цагийн үед шатаж “Амуу тариа” ХХК-ийн жолооч Ч /63 настай, эрэгтэй, Завхан аймгийн харъяат/ өртөж нас барсан тул цогцсыг сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.

– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Их сургуулийн 6 дугаар гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 11:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход 0.7 га хэмжээтэй хоосон хашааны доторх өнжмөл шар өвс, 5 м хашаа шатаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн “Олны Өтгийн-Ам” гэдэг газар / аймгийн төвөөс  хойд зүгт 10 км, сумын төвөөс урд зүгт 46 км/-т Хаваржаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 11:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход иргэн Г-ын 20х20 метрийн хэмжээтэй малын байр, 8х8 метрийн хэмжээтэй хаваржааны хашаа шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран-Уулын 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 6х3 метрийн хэмжээтэй амбаар, 6 метр хашаа, 2 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 15:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход “Термо Интернэшнл” ХХК-ийн 3х2 метрийн хэмжээтэй агуулах бүрэн, 40 тонны чингэлэг, иргэн Б-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, Г-ын 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр тус тус шатаж байсныг унтраасан.

Нийслэлэийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард-Аюушийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн О-ын 8х5 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 дүгээр давхрын тааз шатаж байсныг унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Өлзийт” хорооллын 2Б дугаар гудамжинд байшин байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Д-ийн 3х8 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг “Хабитат”-ын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 19:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Б-ын 12х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Харганат” гэдэг газар /aймгийн төвөөс хойд зүгт 310 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/-т өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Жавхлант багийн иргэд 33 км замыг туулан очиход малчин Р-ийн өвөлжөө, өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 8 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 04:06 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн А-ын 7х4 метрийн хэмжээтэй гарааш, “Субару истра” загварын автомашин тус тус шатаж байсныг унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг баг “Шовголдой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 220 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 65 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Баруун-Урт сум дахь Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Дорнод аймаг Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 04.28-ны өдрийн 14:45 цагаас эхлэн ажиллаж гал түймрийг мөн өдрийн 22:50 цагт цурманд оруулан 04.29-ний өдрийн 05:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймрийн урт 25 км, өргөн 10 км, нийт 25000 га хээрийн талбай өртөж шатсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. Ар гэрийн хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 04.28-ны өдрийн 07:45 цагаас эхлэн иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг Харлагийн голын-Адаг гэдэг газраас зүүн зүгт “Ингэтийн гүүр” гэдэг газар хүртэл 16 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 04.29-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top