Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймагт бага зэрэг бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 4-9 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Халх голын хөндий болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 19-21 градус дулаан байна.

  Төлөв байдал:  3-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас, 4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай” амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 04:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км зам туулан очиход иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Баянбулаг”-ийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 08:30 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход иргэн Б-ийн 7х9 метрийн хэмжээтэй граж, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, хашаа шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт иргэн Т /65 настай, эрэгтэй/-ийн 2 гарын сарвуу түлэгдсэн байсныг НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Цээнэ”-ийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 08:42 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км зам туулан очиход иргэн Б-ийн 3х6 метрийн хэмжээтэй амбаар, хашаа шатаж байсныг унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны “Хайрхан”-ы 11 дүгээр гудамжинд автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 11:12 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан очиход иргэн А-ийн хашаанд хаягдал дугуй, шар өвс шатаж байсныг унтраасан. 

Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн “Шар харгай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 5 км-т/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Хайлааст”-ын 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 15:43 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан очиход иргэн Н-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин, шар өвс шатаж байсныг унтраасан.  

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ширээ нуруу”-ны 22 дугаар гудамжинд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн М-н өвс шатаж байсныг унтраасан.  

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Шинэ хотхон”-ы хашаанд дулааны шугамын худагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан очиж унтраасан.   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны “Хангамж”-ийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход иргэн С-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х3 метрийн хэмжээтэй 2 амбаар, шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Мандал-Овоо”-гийн 31 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход иргэн Т-ын хашаа шатаж байсныг унтраасан.  

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн “Хээтэй хороолол”-ын зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 03:08 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн М-ын “Грейс” загварын бага оврын автобус, иргэн С-ийн “Приус-41” загварын суудлын автомашин галын дөлд хайрагдан тус тус шатаж байсныг унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Архангай аймгийн Чулуут сумын Хүргэн багийн “Модтой-Анаг””гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 17:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж 16:52 цагт цурманд оруулсан бөгөөд 18:10 цагт бүрэн унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хорооны “Задгай” /Арвижих төвийн баруун талд/ Суудлын автомашин авто замын хажуу руу унасан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 08:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан очиход “Керста” загварын автомашин онхолдож жолооч М /38 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн.  

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 04.30-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг Харлагийн голын-Адаг гэдэг газраас зүүн зүгт “Ингэтийн гүүр” гэдэг газар хүртэл 16 км-т завиар урсаж, голын эрэг дагуу 1 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоосон. 05.01-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top