1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн Тосонцэнгэл суманд бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Үлэг гүрвэлийн музейн баруун талд хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиж хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 19 дүгээр гудамжинд эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 05:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан очиход эзэмшигч тодорхойгүй 10×12 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн эцсээс хойш байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 06:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан очиход хаяг, эзэмшигч нь тодорхойгүй 4×3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжинд хашаа байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан очиход иргэн Т-ийн 2 метр хашаа, 1 м3 хураалттай банз, 0.2 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчингийн 40 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн 1х1 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 32 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн А-ын 9х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 9 дүгээр гудамжинд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 19.5 км замыг туулан очиход иргэн С-ын 10х5 метрийн хэмжээтэй өвөлжөөний дээвэр, 20х4 метрийн хэмжээтэй саравчны дээвэр тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 17:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Г-ын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 2 метр орчим хашаа тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн 3 дугаар гудамжинд 05.06-ны өдрийн 18:30 цагийн үед 5 ханатай гэр бүрэн шатсан тухай мэдээллийг 05.06-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан иргэд иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж 19:05 цагт бүрэн унтраасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Хар дэлийн шарга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 107.5 км, сумын төвөөс зүүн урд зүгт 7.5 км/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан очиход иргэн Т-ын 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Булган сумын Булган 6 дугаар багийн “Эрээний-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс 17 км/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 01:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 16.5 км замыг туулан очиход иргэн Г-ийн 3×3 метрийн хэмжээтэй амбаар дотор, гэрийн мод шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжингийн 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход эзэнгүй 12х2 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Төв аймгийн Баяндэлгэр сумын Бадраг багийн “Хуцаагийн ам Тогосын бууц” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 01:24 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 40 км замыг туулан очиход иргэн Б-ийн 8х4 метрийн хэмжээтэй малын саравч, 12х6 метрийн хэмжээтэй бууц шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын (Хөвсгөл) Зуунмод багийн “Хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 200 км, сумын төвөөс баруун хойд зүгт 15 км, Ө-49°39’00.0”, У-97°37’48.0”/ 05.06-ны өдрийн 11:03 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 11:11 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цэцэрлэг сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Автозамын тээврийн осол: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн Жишиг гудамжинд суудлын автомашин онхолдсон тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 10:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 10:19 цагт очиход иргэн Д /59 настай, эрэгтэй/ “Харриер” загварын суудлын автомашинтай автозамын зорчих хэсгийн замын хажуу руу онхолдсон байсныг ажиллаж автомашинаас эсэн мэнд гарган Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхан 1 дүгээр багийн “Шаамар 6” гэдэг газар /аймгийн төвөөс 12 км, сумын сумын төвөөс баруун урд зүгт 14 км/-т автомашин мөргөлдсөн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан очиход иргэн Т-ийн “Камри” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ Улаанбаатар хотын чиглэлд, Ц-ын “Приус-20” загварын автомашин /3 зорчигчтой/ Сэлэнгэ аймгийн чиглэлд тус тус зорчин явж байсан автомашинууд хоорондоо мөргөлдөж П /66 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсныг цогцсыг гарган сумын Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 17 дугаар гудамжинд автомашин онхолдож, хүн дарагдсан гаргаж чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 13:14 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан очиход “Пронтер” загварын автомашин онхолдож Сонгинохайрхан дүүргийн иргэн М /55 настай, эрэгтэй/ автомашины тэвшинд дарагдаж нас барсан байсныг 15 минут ажиллаж цогцсыг гарган тээврийн Цагдаагийн албаны ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Увс аймгийн Наранбулаг сумын Гүн бүрд багийн “Өлгийн бөхөс” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км, сумын төвөөс хойд зүгт 9 км/-т Ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 00:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, “Ундарга-Увс” ХХК-ийн ажилтнууд 80 км зам туулан очиж, Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Ундарга-Увс” ХХК-ийн 50 тн шатахуун тээвэрлэж явсан иргэн Г-ийн Норд бенз загварын ачааны автомашин замын хажуу руу унаж 26 тонн шатахуун асгарсан, нийт 54 м2 газрыг шороогоор цэвэрлэн, 24 тн түлшийг юүлэн авч автомашиныг чиргүүлтэй нь 3 цаг ажиллан татан босгож иргэн Г болон “Ундарга-Увс” ХХК-ийн инженер нарт хүлээлгэж өгсөн.
Усны осол: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим 5 дугаар багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км/ “Дэлгэрмөрөн” гол руу 1 эрэгтэй хүн үсэрсэн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагчаар ахлуулсан алба хаагчид иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийг 05.06-ны өдрийн 18:04 цагаас эхлэн Хилэнтийн гүүр” гэдэг газар 1 км зайд завиар урсаж, 2-6 метрийн гүнд 20 удаа шумбаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 05.07-ны өдрийн 08:30 цагт дахин эхлүүлнэ.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Цагаан хаалганы баруун талд дулааны шугамын худагт хүн унасан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн А /43 настай, эмэгтэй/ дулааны шугамын худагт унаж нас барсан байсныг 15 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Таргат багийн “Хар товог” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км, сумын төвөөс урд зүгт 50 км/-т Иргэн Н /40 настай, эрэгтэй/ “Тундра” загварын автомашинтай онхолдож хүнд гэмтсэн, ухаангүй автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь 05.06-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 05.06-ны өдрийн 17:30 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 19:40 цагт газардаж, иргэн Н /40 настай, эрэгтэй/-г авч 20:00 цагт хөөрч, Дундговь аймгийн Мандалговь сум аймгийн Нэгдсэн эмнэлэгт 20:52 цагт тээвэрлэн авчирч эмнэлгийн тусламж үзүүлэн, 05.07-ны өдрийн 05:48 цагт Мандалговь сумаас хөөрч, Улаанбаатар хотод 06:51 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР