Гамшиг, онцгой байдлын үеийн хүмүүнлэгийн хариу арга хэмжээний олон улсын стандартыг таниулах сургалт эхэллээ

sited-IMG_9367.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжүүлэлтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж байна.

Энэ төслийн нэг үндсэн чиглэл нь Монгол Улсын гамшгийн менежментийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бодлого төлөвлөлтийг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах юм.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага хоорондын 2021-2023 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутгийн түвшинд тохиолдсон гамшгийн үед хариу арга хэмжээ авах олон улсын стандартыг таниулах сургалтыг зохион байгуулахаар тусгагдсан.

Энэ хүрээнд гамшиг, онцгой байдлын үед хүмүүнлэгийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монгол Улсад болон олон улсад дагаж мөрддөг стандартуудыг төв, орон нутгийн удирдах албан тушаалтнуудад таниулах сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтад хамрагдагсад төв, орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийн үед хариу арга хэмжээ авах, олон улсад дагаж мөрддөг стандартыг нэвтрүүлэх мэргэжил арга зүйд суралцаж, харилцан туршлага солилцох юм.

21 аймгийн Засаг даргын орлогч, Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарыг хамруулсан тус сургалт хоёр өдөр үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top