АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дундговь аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 13-наас баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 13 дугаар хороо, дүүргийн 7 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 10:43 цагт очиход гутлын үйлдвэрийн 20х10 метрийн хэмжээтэй байшингийн, 4х4 метрийн хэмжээтэй өрөөнд үйлдвэрийн хаягдал /арьс, шир/ шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 20:09 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:14 цагт очиход тус агуулахад хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Чулуунхороот сум. Галуут багийн “Шар бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 257 км, сумын төвөөс баруун зүгт 8 км/-т 05.09-ний өдрийн 08:40 цагийн орчимд байшин шатсан тухай мэдээллийг 05.10-ны өдрийн 13:47 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин М-ын эзэмшлийн 13х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 12 цаг ажиллаж 05.09-ний өдрийн 21:00 цагт бүрэн унтрааж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймаг, Бор-Өндөр. 2 дугаар багийн Геологичдын хороолол 201 гудамжинд эзэнгүй байшин дотор хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 09:18 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 09:20 цагт очиход иргэн Г-ийн эзэмшлийн 15х20 метрийн хэмжээтэй 2 давхар байшин дотор хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 12 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:13 цагт очиход эзэнгүй 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраан тус дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймаг, Хужирт сум. Дулаан багийн “Хүрэмний-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 34 км/-т малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 34 км замыг туулан 18:10 цагт очиход малчин С-ын 30х12 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 11 дүгээр хороо, “Зүүн Ард Аюуш”-ийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 18:02 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 18:10 цагт очиход иргэн Г-ын 9х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хана, тааз, эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хороо, “Аноми” хотхоны зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 02:11 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 02:20 цагт очиход иргэн Д-ийн улсын дугааргүй, “Сузуки Карри” загварын автомашины хаалга шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 05:49 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 05:53 цагт очиход иргэн Г-ын 5 ханатай гэр эд хогшлын хамт бүрэн, иргэн Б-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Уньт баг “Дондогийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвөөс баруун урд зүгт 85 км, Уньт багаас зүүн зүгт 40 км/-т автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 08:28 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 50 км замыг туулан 08:52 цагт очиход Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан “Лексус-570” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдож иргэн У /32 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 1 цаг 02 минут ажиллаж цогцсыг гарган 09:54 цагт Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт, жолооч Б /24 настай эмэгтэй, Булган аймгийн Сайхан сумын харъяат/-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймаг, Хатгал сум. Хатгал тосгон 6 дугаар багийн “Улаан мод” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км, Хатгал тосгон/-т иргэн Б/46 настай, эрэгтэй/ “Приус-20” загварын автомашинтай онхолдож хүнд гэмтсэн, ухаангүй автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь 05.10-ны өдрийн 08:30 цагт хүлээн авсан.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг /нисгэгч 2, аврах ажиллагааны мэргэжилтэн 1, эмч 1, нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй/ 05.10-ны өдрийн 11:10 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 14:10 цагт газардаж, иргэн Б/46 настай, эрэгтэй/-г авч 14:48 цагт хөөрч, Улаанбаатар хотод 17:25 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

Усны осол: Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум. Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т/ “Дэлгэрмөрөн” гол руу 1 эрэгтэй хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхний хамт иргэн Д.Бат-Эрдэнэ /54 настай, эрэгтэй/-ийг 05.10-ны өдрийн 08:00 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газраас Эрчим багийн “Ногоон булаг” гэдэг газар хүртэл 16 км-т “Дэлгэрмөрөн” голын эрэг дагуу явганаар, 2 дугаар бүлэг тус гүүрнээс Тосонцэнгэл сум Тээл багийн “Долоон булан” гэдэг газар хүртэл “Дэлгэрмөрөн” голоор 140 км зайд 2 завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлт, аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр түр зогсоосон.

Цас шаварт суусан: Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум. “Бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км/-т автомашин элсэнд суусан тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 01:14 цагт хүлээн авсан.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан 01:50 цагт очиход иргэн А-гийн “Приус-20” загварын суудлын автомашин элсэнд суусан гарч чадахгүй байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top