Ж.Төмөрмандах: Нэгдсэн менежментийн стандартыг нутагшуулахад удирдлагын манлайлал хамгийн чухал

GJ1A1410.jpg

Онцгой байдлын байгууллагаас албаны хэмжээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн  ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 буюу нэгдсэн менежментийн тогтолцоог 2020 онд нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.  

   Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж, олон улсын чанарын болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартын хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажилласан юм.

      Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа, илэрсэн зөрчил, цаашид сайжруулах боломжийн талаар ажлын хэсгийн гишүүн, НОБГ-ын Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа, тэргүүлэх аудитор Ж.Төмөрмандахаас тодрууллаа.  

  -Ажлын хэсгийн бүрэлдэхүүн баруун болон хойд бүсийн аймгуудад ажиллаж, нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, нутагшуулах хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлээ. Хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

  Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал болон олон улсын стандартыг нэвтрүүлэх хүрээнд хамтран ажиллаж байгаа “Монсерф” ХХК-ийн итгэмжлэлийн дагуу дээрх 11 аймагт нэгдсэн менежментийн тогтолцооны хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Стандартуудын хэрэгжилт, нутагшуулалт харилцан адилгүй буюу аймаг бүрт өөр, өөр байна. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавируст цартахлын улмаас хойшлогдсон сургалт, зөвлөн туслах үйлчилгээ тасалдсантай холбоотой. Гэхдээ олон улсын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд алба хаагчдадаа цахим сургалт хийх, дотоод аудитор бэлтгэх, холбогдох баримт бичгийг боловсруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн байна. Баянхонгор, Завхан, Сэлэнгэ, Архангай аймгуудын хувьд жигд буюу хамгийн сайн хэрэгжилттэй байлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн илэрсэн зөрчил бүр дээр зөвлөгөө өгч, цаашид сайжруулахад анхаарах зарим чиглэлийг аймагт бүрт өгч ажилласан байгаа.

 -Стандартыг нэвтрүүлэхээс илүү байгууллагынхаа онцлогт тохируулан нутагшуулж үлдэх нь хамгийн чухал асуудал. Сайжруулалт хийхэд анхаарах нийтлэг зөрчил юу байв?

Алба хаагчдын стандартын тухай ойлголт дутмаг байна. Энэ нь үндсэн үйл ажиллагаа, чиглэлдээ олон улсын стандартаа шингээж, нэгтгэж өгч  чадахгүй байгаатай холбоотой гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл, тусдаа өөр ажил мэтээр хүлээн авч, төлөвлөгөө боловсруулсан байна. Стандартын хамгийн гол зорилго нь өдөр тутмын болон гамшиг, ослын үед хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ түвшинг тодорхойлж, түүнд тохирсон шийдлийг олж, түүнийгээ сайжруулах буюу нэг стандарттай байхыг л хэлээд байгаа юм.

 –Аудит хийх явцад том, жижиг үл тохирлууд илэрсэн. Энгийнээр тайлбарлаж, зөвлөн туслах мэдээллийг үргэлжүүлэн хүргэх нь чухал санагдлаа?

 Гарч байгаа нийтлэг зөрчлүүдийг хоёр хувааж нэрлээд байгаа юм.Том  үл тохирол гэдэг нь байгууллагын хэмжээнд стандартыг ойлгоогүй, дүн шинжилгээ хийж чадаагүй ажил, үйлчилгээ гэж ойлгож болно. Харин жижиг үл тохирол гэдэг нь ойлголтын буруугаас хийж чадаагүй ч цаашид сайжруулах боломжтой зөрчлүүдийг хэлдэг. Нэгдсэн менежментийн тогтолцоо нь хэн, юу хийх вэ гэдэг дээр төлөвлөрч,  төлөвлө-гүйцэтгэ-хяна-сайжруул гэсэн зарчмын хүрээнд явагддаг. Аливаа ямар нэгэн ажлыг хийхэд төлөвлөгөөнөөс эхэлдэг. Төлөвлөгөө нь зөв, оночтой байх ёстой. Ингэхдээ шалгуур үзүүлэлтийг нь гаргаж, эрсдэлийг тооцож, тоон үзүүлэлт болон судалгаан дээр үндэслэн хүрэх түвшингээ тодорхойлох нь чухал юм. Байгууллагын үйл ажиллагаа нь гадагшаа болон дотогшоо гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байдаг. Энэ үйл ажиллагаагаа зөв зохистой, чанартай, үр дүнд хүрэхээр төлөвлөөд түүнийхээ гүйцэтгэлд нь хяналт тавиад, дутуу орхисон үйл ажиллагаа байвал нөхөж хийх  олон улсын туршлагыг л нэвтрүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. Жижиг гэлтгүй үр дүнг тооцдог, хянадаг, сайжруулалт хийдэг байвал байгууллагын хэмжээнд үүсч болох эрсдлүүд буурч, алба хаагчдын аюулгүй ажиллагаа хангагдана. Энэ хэмжээгээрээ гамшигтай тэмцэх үйл ажиллагаа олон улсын түвшинд хүрнэ гэж ойлгох хэрэгтэй.

-Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн байгууллага болохын тулд хөндлөнгийн болон дотоод аудит хийгддэг. Хэдэн жилийн хугацаанд нутагшиж үлдэнэ гэж үздэг вэ?

   Стандарт нэвтрүүлсэн гэрчилгээг гардаж авснаас хойш зургаан жил шаардлагатай гэж үздэг. Онцгой байдлын байгууллагын хувьд 2020 онд нэвтрүүлсэн стандарт эхний гурван жилийн хэрэгжилт хэр байна вэ гэдэгт үнэлгээ, дүгнэлт өгч, цаашид олон улсын стандартыг хэрэгжүүлэх боломж байна уу гэдэгт дүн шинжилгээ хийгдэж байна. Хэрвээ үргэлжлүүлж чадвал дараагийн гурван жилдээ сайжруулалтаа хийгээд дахин аудитад хамрагдана. Энэ хугацаанд газар нутгийн онцлог, үйл ажиллагаа, цаг уурын нөхцөл, үндэстэн ястан гээд харилцан адилгүй байршилд байгаа хэдий ч  байгууллагын үйл ажиллагаа нэг стандарттай болох боломжтой.

 – Цаашид сайжруулалт хийхийн тулд юунд анхаарах шаардлагатай байна вэ?

Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх хамгийн гол асуудал нь удирдлагын манлайлал. Удирдлагын манлайлал байхгүйгээр энэ стандартыг хэрэгжүүлэх боломжгүй. Шийдвэр гаргах түвшний удирдлагууд нь сайн ойлгож, бусад бие бүрэлдэхүүндээ чиглэл болгох хэрэгтэй. Дараа нь алба хаагчдадаа тогтмол сургалт зохион байгуулж, дотоод аудитор бэлтгэх шаардлагатай байна. Дотоод аудитор бэлтгэнэ гэдэг нь  мэргэжлийн түвшинд бусдадаа зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх чадвартай алба хаагчийг хэлж байгаа юм. Офицер, ахлагч гэлтгүй бүгд дотоод аудиторын сургалтад хамрагдах боломжтой. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд 25 алба хаагч тутамд нэг мэргэжилтэн, 50 хувиас дээш бол нэгжтэй байхаар тусгасан. Тиймээс энэ чиглэлд алба хаагчдаа сургаж, дадлагажуулах шаардлагатай байна. Тухайлбал, хуулийн заалтын дагуу нийслэлийн хэмжээнд 34 алба хаагч бэлтгэгдсэн.  Тухайн байгууллага олон улсын хэмжээнд буюу нэг стандарттай болжээ гэдгийг хэд хэдэн зүйлээр тодорхойлж болно. Түүний нэг нь шинээр орж ирж байгаа алба хаагч богино хугацаанд хийх ажлын онцлог, үүсэж болох эрсдэл, даван туулах боломжийг ямар нэгэн албан тушаалтнаас хамааралгүйгээр баримт бичгийн боловсруулалтаас мэдэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа тасралтгүй, чанартай, алба хаагчид нь эрсдэлгүй үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ гэж ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top