Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 20-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд Хэнтэйн уулархаг нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 3 дугаар хороо, Замчны 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:34 цагт очиход иргэн Г-ын хашаанд хураалттай банз шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Өмнөговь аймаг, Номгон сум. Сийрст-Эмгэн булаг баг, “Ар цагаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 149 км, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/-т малын саравч шатаж байна гэсэн мэдээллийг 05.17-ны өдрийн 13:15 цагт мэдээлсэн.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 104 дүгээр тусгай салбарын алба хаагчид 40 км замыг туулан 14:35 цагт очиход малчин Ц-гийн 6х8 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 05:00 цаг ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 10 дугаар баг, “Ялалт” хорооллын 14 дүгээр гудамжинд айлын хашаанд нүүрсний хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 19:11 цагт /19:18 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:16 цагт очиход иргэн Э-ын хашаанд нүүрсний хог, 1 метр хашаа шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Нисэх баг, 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 19:49 цагт очиход иргэн Н-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг.9 дүгээр хороо, Маргад дэлгүүрийн ард байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 21:44 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 21:49 цагт очиход /эзэнгүй/ байшин дотор хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 32 дугаар хороо, Амарын гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 03:31 цагт хүлээн авсан.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 24.5 км замыг туулан 03:51 цагт очиход иргэн О-ын 2 метр хашаа, нүхэн жорлон шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 7 дугаар хороо, Зурагтын шинэ эцэс автомашин хашаа мөргөж, автомашины бүхээгт жолооч нь хавчуулагдсан тухай дуудлагыг 07:34 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 07:47 цагт очиход иргэн С/25 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Хонда Фит” загварын суудлын автомашинаар зам дагуу зогсож байсан /Экскаватор/-ын шанага мөргөж, автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байсныг цогцсыг гаргаж, Тээврийн Цагдаагийн албанд шилжүүлэн өгсөн. 

Усны осол: Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум. Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т/ “Дэлгэр” мөрөний ус руу 1 эрэгтэй хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар 05.11-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсныг дахин эрэн хайх хүсэлтийг 05.16-ны өдөр ар гэрээс нь ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхний хамт иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийг 05.17-ны өдрийн 11:16 цагаас эхлэн Түнэл сумын Баян-Эрхэт багийн Баян-Эрхэт гэдэг газраас Тосонцэнгэл сумын Тээл багийн “Долоотын булан” гэдэг газар хүртэл 65 км-т, 2 завьтай голын эргээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:17 цагт түр зогсоосон.

Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум. 7 дугаар баг “Хосхаргай” гэдэг газар / аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т “Ачит нуур”-ын эргээр явж байсан /3 хүүхэд/-ийн нэг иргэн З, /17 настай, эрэгтэй / тус нууранд осолдсон тухай дуудлагыг 05.17-ны өдрийн 23:25 цагт хүлээж авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 100 км замыг туулан 01:45 цагт “Ачит нууранд” очсон бөгөөд иргэн З /17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 05.18-ны өдрийн өглөө 06:00 цагт эхлүүлсэн.

Бусад төрлийн осол: Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Урандөш баг, баригдаж буй 14 давхар “Хоймор Таур” барилгын суурин краны сум хугарч, зэргэлдээх барилга дээр унах аюултай байгаа тухай дуудлагыг 05.17-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан.

Тус баригдаж буй байрны зүүн талд байрлах 15 дугаар байрны дээвэр дээр 54 метрийн өндөртэй суурийн краны хугарсан хэсэг унах эрсдэлтэй байгаа учир тус байрны цахилгааныг тасалж, 198 иргэнийг байрнаас түр нүүлгэн шилжүүлж, краныг хугарсан хэсгийг бэхэлгээ хийхээр ажиллаж, 60 метрийн тойрогт Цагдаагийн байгууллагаас хамгаалалтанд авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Онцгой комиссын гишүүд, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд, “Эрчим хүч” ХХК-ийн 1 ажилтан, Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын ажилтнууд ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top