Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорнод, Өвөрхангай аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын-Ам гэдэг газар өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 09:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан очиход Дотоодын цэргийн 05 дугаар тусгай хорооны харъяа тусгай хамгаалттай хашаанд 0.8 га орчим газар өнжмөл өвс шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 44 дүгээр байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 10:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 10:30 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн “Өгөөмөр” худалдааны төв утаа гарч байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн эзэмшлийн 15х12 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн 2 дугаар давхрын шал, хана шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн “Тэлмэн” ХХК-ийн “Гранд гарден” барилгын 2 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 14:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Б-ын эзэмшлийн шинээр баригдаж байгаа “Гранд гарден” 10 давхар барилгын 2 дугаар давхрын гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хууль сахиулахын хотхон 2-48 дугаар байрны гадна хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход баригдаж байгаа барилгын хашаан дотор их хэмжээний задгай хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 09:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Н-ын 7×6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Шар хоолойн ам дунд төгөл” гэдэг газарт өнжмөл өвс, түлээний мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход 1.5 га орчим талбайн өнжмөл өвс шатаж иргэн Г-ийн эзэмшлийн 20 м хашаа, нүхэн жорлон, 5 м3 орчим түлээний мод шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн “Тоосгоны үйлдвэр”-ийн хашаанд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн “Хээтэй хороолол”-ын 4-6 байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 16:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Д-ын тагтан дээр эд зүйлс шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 106 дугаар байрны 1 дүгээр орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход тус байрны зоорийн давхарт хог шатаж байрны гадна талын дулаалгын хөөсөнцөр 5 дугаар давхар хүртэл шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 55 иргэнийг гаргасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн 7 дугаар гудамжны гадна суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Н-ийн эзэмшлийн “Приус-30” загварын суудлын автомашин шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Баянгол Баруун жаргалант гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 235 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.18-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг мөн өдрийн 23:00 цагт цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн “Ононгийн живхээртэй-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т Ойн түймэр гарсан дуудлагыг 05.18-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэргийг 05.18-ны өдрийн 17:16 цагт Хэнтий аймгийн Батширээт сум ойн гал түймэр гарсан газрын чиглэлд хөөргөж агаараас ажиглалт тандалт хийж, түймэр унтраах шуурхай бүлгийн алба хаагчдыг түймрийг голомтод буулгасан. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг мөн өдрийн 21:51 цагт цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Хилийн 1415 дугаар тэмдэгтийн орчим /аймгийн төвөөс зүүн зүгт 390 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 18:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид түймрийн голомтод очсон. Түймрийн голомтод дуу цахилгаантай аадар бороо орж бүрэн унтарсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн гүүрнээс гачуурт руу эргэх автозамын зорчих хэсэгт Зам тээврийн осол гарч автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 12:21 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 14 км замыг туулан очиход иргэн Д-ийн “Портер” загварын автомашин, иргэн Д-ийн “Дэйвүү” загварын Хужирбулан-Монгол кино үйлдвэр чиглэлийн автобустай мөргөлдөж иргэн Т /63 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 20 минут ажиллаж эсэн мэнд гарган Тээврийн цагдаагийн газрын ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Автобусанд зорчиж байсан нийт 34 иргэнд анхны тусламж үзүүлж, 6 иргэнийг ГССҮТ-д хүлээлгэж өгсөн.

Усны осол: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Хилэнтийн гүүр гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т/ Дэлгэр мөрний ус руу 1 эрэгтэй хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар 05.11-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсныг дахин эрэн хайх хүсэлтийг 05.16-ны өдөр ар гэрээс нь ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийг 05.17-ны өдрийн 11:16 цагаас эхлэн Түнэл сумын Баян-Эрхэт багийн Баян-Эрхэт гэдэг газраас Тосонцэнгэл сумын Тээл багийн “Долоотын булан” гэдэг газар хүртэл 65 км-т 2 завьтай голын захаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:17 цагт ар гэрийнх нь хүсэлтээр түр зогсоосон.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар баг “Хосхаргай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т “Ачит нуур”-ын эргээр явж байсан /3 хүүхэд/-ийн нэг болох иргэн З, /17 настай, эрэгтэй / тус нууранд осолдсон тухай дуудлагыг 05.17-ны өдрийн 23:25 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, ар гэрийнхэн иргэн З /17 настай, эрэгтэй/-ыг 05.18-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Ачит нуур”-нд 5 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 09:50 цагт нуурын эргээс 800 м зайд 3.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 2022.04.09-ний өдрөөс 05.05-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн нь хүсэлт гаргасны дагуу 05.05-ны өдрийн 13:39 цагт тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон. Иргэдээс анх усанд осолдсон Харлагын голын адаг гэдэг газраас зүүн зүгт 7 км-т Майхан толгой гэдэг газарт голын усан дотор “Портер” автомашин байна гэсэн мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Сэлэнгэ” мөрний хойд эрэг талаас 25-30 м зайд 2.5 м гүнд 4 удаа шумбалт хийсэн.

Бусад төрлийн осол /аюул/: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш баг, “Мөрөн бетон” ХХК-ийн баригдаж буй 14 давхар Хоймор Таур барилгын суурин краны сум хугарч, зэргэлдээх барилга дээр унах аюултай байгаа тухай дуудлагыг 05.17-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан. 05.18-ны өдөр Улаанбаатар хотоос тус өргөгч цамхагт краныг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр угсарсан “Дунд хүч” ХХК-ийн захиралаар ахлуулсан техникийн инженер, цахилгааны инженер, засварчид өргөгч цамхагт краны эвдрэлд үзлэг хийж, аюулгүй болгох ажлын төлөвлөгөө боловруулж, эрсдлийн үнэлгээ хийх улсын байцаагчийн зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж Аймгийн Онцгой комисст танилцуулж ажилласан. Мөн тус барилгыг барьж байгаа “Мөрөн бетон” ХХК-д Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 23-07-034/17 дугаартай зөвлөмж, 02 дугаартай “Хяналт шалгалтын танилцуулга”-ыг хүргүүлж ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top