Онцгой байдлын байгууллагын хэмжээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018 олон улсын стандартыг нутагшуулах ажлыг эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллах алба хаагчийг бэлтгэх зорилгоор олон улсын стандартуудын дотоод аудитор бэлтгэх сургалт НОБГ-т өнөөдөр эхэллээ.
Сургалтаар ISO 9001, ISO 45001 стандартуудын нэгдмэл болон тусгай шаардлагуудыг танилцуулж, аудитын хөтөлбөрийн удирдах ажилтны чадамж, аудитын хөтөлбөр боловсруулах, аудитын шалгуур, хамрах хүрээ, аудитын төлөвлөгөө боловсруулах, аудитын шалгах хуудас боловсруулах зэрэг сэдвээр алба хаагчдад мэдлэг ойлголт өгч, дадал эзэмшүүлэх юм.
Нийслэлийн хүрээний алба хаагчид танхимаар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид цахимаар хамрагдаж байгаа тус сургалт энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.