Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Орхон аймгийн нутгаар ялимгүй бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-ны өдөр Халх голын хөндийгөөр, 26-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 28-ны өдөр нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 28-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 08:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 08:34 цагт очиход иргэн Н-ийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар, 2 метрийн урттай хашаа шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багийн “Бөхөн-Уул” гэдэг газар ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 11:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 11:24 цагт очиход иргэн С-ийн “Майти” загварын ачааны автомашины байсныг 14 минут ажиллаж унтраасан.         

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Онги багийн задгай /аймгийн төвөөс баруун урд зүгт 211 км-т, сумын төвөөс урд зүгт 1 км-т/ суудлын автомашин 05.23-ны 13:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Иргэн У-гийн “Муссо” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газар мэдээлсэн.     

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 23:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 23:22 цагт очиход иргэн Б-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.          

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 01:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 01:37 цагт очиход иргэн Д-гийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 1 цаг 27 минут ажиллаж унтраасан.       

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:16 цагт очиход байгууллагын хашааны гадна талд 0.3 га орчим талбайд өнжмөл шар өвс, 30 метр орчим урттай дулааны шугамын дулаалгын материал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” захын өргөтгөлд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:28 цагт очиход иргэн Г-гийн 20 тн чингэлэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 00:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 00:38 цагт очиход тус гудамжинд их хэмжээний ил задгай хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

3. Ой, хээрийн түймэр

Ойн түймэр: Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Могойн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хангал сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, Сэлэнгэ сумын Байгаль хамгаалагч ажилтнууд ажиллаж, 05.22-ны өдрийн 09:40 цагт түймрийг цурамд оруулж, 05.23-ны өдрийн 11:08 цагт бүрэн унтрааж, Баянтөгөл багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Ялмаг асгатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км-т, Мандал сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, мөн тус аймгийн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид Мандал сумын “Өгөөж хараа” ХХК, “Түмэндэлай” ХХК-ийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Задын шар дэвсэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, Бугат сумын мэргэжлийн ангийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Ацын-Эх”гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 190 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, мөн тус аймгийн Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж, 05.23-ны өдрийн 17:46 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын “Жаргалантын-Ам” гэдэг газар өнжмөл шар өвс шатсаны улмаас уулын мод руу тархан шатаж, ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид, “Богд Хан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-ны хүмүүс ажиллаж, 05.20-ны өдрийн 20:25 цагт түймрийг цурамд оруулж, 05.23-ны өдрийн 14:40 цагт бүрэн унтрааж, “Богд Хан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-ны ойн байцаагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км-т, сумын төвөөс зүүн зүгт 85 км-т, Монгол Улсын хилийн 623-639 дүгээр тэмдэгтийн чиглэлд/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0101 дүгээр анги, 0243 дугаар анги, Түшиг сумын мэргэжлийн анги, Зүүнбүрэн сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, “Суварга” ХХК-ийн ажилтнууд ажиллаж 05.22-ны өдрийн 19:49 цагт түймрийг цурамд оруулж, 05.23-ны өдрийн 13:00 цагт бүрэн унтрааж, Түшиг сумын Засаг даргын орлогч, Байгаль орчны улсын хяналтын байцаагч нарт хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн “Өгөөмөрийн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.21-ний өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагааннуур сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 05.22-ны өдрийн 18:30 цагт түймрийг цурамд оруулж, 05.23-ны өдрийн 11:45 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагчдад хүлээлгэн өгсөн. 

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Бумбан дэв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 89 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр анги, Хушаат сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 20:35 цагт түймрийг цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осолБулган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т “Эгийн гол”-ын усанд иргэн Ц /36 настай, эрэгтэй, Орхон аймгийн харъяат/ осолдсон гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын газрын Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд, ар гэрийнхэн 05.23-ны өдрийн 07:00 цагаас Орхон аймгийн харьяат Ц /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас зүүн урд зүгт тус багийн “Алтан-Овоо”, “Эгийн голын гүүр” гэдэг газар хүртэл 39 км-т “Эг” голын усаар завиар урсаж, 5 метрийн гүнд 7 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:06 цагт түр зогсоосон. 05.24-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ. 

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км/-т Түнэл сумаас Навчилтай багийн чиглэлд гэрлүүгээ мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. 2022.03.09-ний өдрөөс 03.12-ны өдрийг хүртэл иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоосон. 04.22-ны өдөр Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Ам” гэдэг газар “Эгийн гол”-ын салаанаас иргэн Б-гийн цогцос нь олдсон бөгөөд иргэн Л-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 05.19-ний өдөр ар гэрээс нь хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 05.23-ны өдрийн 09:00 цагаас иргэн Л /29 настай, эрэгтэй/-ийг Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас зүүн зүгт 25 км-т тус багийн “Тэрхийн булан” гэдэг газар хүртэл “Эг” голын усаар завиар урсаж, 2-3 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:14 цагт түр зогсоосон. 05.24-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Цогцос гаргах ажиллагаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Хилэм” нуурын тогтоол усанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 05.23-ны өдрийн 12:14 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 28 км замыг туулан 12:56 цагт очиж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн М /56 настай, эрэгтэй/-ын цогцсыг “Хилэм” нуурын усны мандал /эргээс 2 метрт/-д хөвж байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.          

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top