Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөновь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Ховд аймгуудад хур тунадас орсон.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэргийн бороо, нойтон цас орно, салхи баруун хойноос 7-12 м/с, 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6 дугаар сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с, 6 дугаар сарын 01, 02-нд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 30-наас нутгийн баруун хагаст дулаарч, 31-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн “Задгай” цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах 23 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан очиход “Найман-Орд” ХХК-ийн хашаанд цахилгаан хувиарлах самбар шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан. 

– Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 500 метр зам туулан 09:39 цагт очиход иргэн Э-ын 4 ханатай гэр шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” /Ханбогд хотхоны хажууд дулааны шугамын худагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 15:40 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Орхон сумын Мандал багийн “Баруун дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км, сумын төвөөс баруун урд зүгт 3 км-т/ Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 18:40 цагт   хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 25 км зам туулан очиход Орхон аймгаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн эзэмшлийн “Хово” загварын өөрөө буулгагчийн бүхээг шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.            

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 19:16 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн З-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны “Алтай”-н 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 00:06 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам тууланочиход иргэн А-ын 5 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны “Баянхошуу”-ны 29 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 01:41 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн Т-ийн 3х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.   

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минжийн Хангай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 312 км-т, сумын төвөөс хойд зүгт 122 км-т/ Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 19:11 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас Улсын хил давж орж ирсэн ойн түймрийг агаараас тандах, түймрийн зураглал гаргах, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчийг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр 05.26-ны өдрийн 07:36 цагаас эхлэн 19:46 цаг хүртэл нийт 9 удаагийн нислэгийг үйлдсэн. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын даргын шийдвэрээр нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар 05.27-ны өдрийн 03:10 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд очсон бөгөөд мөн өдрийн 13:28 цагт алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 05.27-ны өдрийн 13:34 цагт түймрийн голомтоос Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, мөн өдрийн 14:32 цагт ангийн байрлалд газардсан. Алба хаагчид 05.27-ны өдрийн 18:16 цагт цурамд оруулсан. 05.28-ны өдөр түймрийн зүүн тал “Минж” голд тулж ирээд унтарсан бөгөөд түймрийн баруун хэсэгт цурамаа цэвэрлэн ажиллаж байна.  

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн Хонгорын нуруу, Гурван булаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 115 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 14:14 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 36 дугаар анги, Эрэн хайх ,аврах салбар, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  22 дугаар ангийн алба хаагчид, Орон нутгийн иргэд ажиллаж 05.28-ны өдрийн 00:03 цагт түймрийг цурманд оруулсан бөгөөд мөн өдрийн 14:10 цагт түймрийг унтраасан.

4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

 Аянга: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн нуур багийн “Өргөнширэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 165 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Аянга бууж бог мал хорогдсон тухай мэдээллийг хүлээн авсан.  05.27-ны өдрийн 19:00 цагт аянга бууж малчин Т-ийн 30 бог мал аянгад өртөж хорогдсон тухай мэдээллийг тус сумын 05.28-ны өдрийн 09:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

      

scroll to top